Сүхбаатар аймгийн ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллах төслүүдийг танилцуулах зорилготой “Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулган амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд УИХ болон Засгийн газрын гишүүд, яамдын холбогдох албан тушаалтнууд хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид хамтран орон нутагт хийж хэрэгжүүлэх хөгжлийн замаа хамтдаа ярилцлаа.
Онцлох сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн нь чуулганы онцлох хөтөлбөр байлаа
Чуулга уулзалтаар “Боомтын сэргэлт”, “Хөдөөгийн сэргэлт”, “Сүхбаатар аймаг хөрөнгө оруулалтад бэлэн үү” сэдэвт сонирхолтой хэлэлцүүлгийг зохион байгуулснаараа онцлог болов.
Эдгээр хэлэлцүүлгүүдээс олон нийтийн сонирхлыг хамгийн их татаж байсан сэдэв нь Бичигт боомтын хөгжлийн асуудал байсан.
Энэхүү хэлэлцүүлэгт Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь тэргүүтэй Зам тээвэр хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, “Хилийн үйл ажиллагааг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Бичигт боомтын төмөр замын асуудлын талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого олны анхаарлыг татсан бол Гадаад харилцааны яамнаас “БНХАУ-тай хийсэн хилийн төмөр замын хэлэлцээр”-ээр Бичигт боомтын талаар өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа талаар мэдээлэл өгөв.
“Хилийн үйл ажиллагааг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн зүгээс Бичигт хилийн боомтын үйл ажиллагааг дахин төлөвлөж одоо байгаа байршлаас нүүлгэн шилжүүлэхээр болсон талаар мэдээлэл өгөв.
Шинэ байршилд инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж, цахилгаа өргөтгөл гэх мэт 4га талбайд дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн байна.
Сүхбаатар аймагт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр боллоо
Чуулганы төгсгөл хэсэгт Сүхбаатар аймагт хөрөнгө оруулах төслүүдийн талаарх танилцуулгын үйл ажиллагаа болов. Олон улс болон дотоодын төсөл хөтөлбөр, шинэ нисэх онгоцны буудал, шинэ чиглэлийн хатуу хучилттай авто зам, ид шидийн орон төсөл, нийтийн болон хувийн орон сууц гээд олон төсөл хөтөлбөрийг танилцуулав.
Тухайн орон нутгийн хөгжлийн гарцыг тодорхойлоход хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжих зайлшгүй шаардлагатай. Энэ чиглэлд олон улсын байгууллага хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн нь нутгийн удирдлагууд болон чуулганд оролцогчдод хамгийн ихээр таалагдсан үйл явдал болов.
Мөн хүүхэд хамгаалал хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ид шидийн орон” төсөл хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Орон нутгийн удирдлагын зүгээс хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
- НҮБ-ын Хүүхдийн сангийн төсөл
- “Моннис” групп, “Аэро Монголиа” ХХК – Шинэ нисэх онгоцны буудал барих төсөл
- “Моннис Урбан девелопмент” ХХК – 960 айлын орон сууцны төсөл хөтөлбөр
- “Их Модун” ХХК – “Сүхбаатар Модун хотхон” орон сууцны төсөл
- “Эрээн Толгой” ХХК – 100 км авто замын төсөл
- “Метагро” ХХК – Хөдөө аж ахуйн цогц төсөл
- “Сакура Проперти” ХХК – Эко хот төсөл
- “Мандах наран” ТББ – Ид шидийн орон төсөл
Төр болон хувийн аж ахуй нэгж байгууллага, бизнес эрхлэгчид хоорондын үйл ажиллагааг өргөжүүлэв
“Сүхбаатар аймаг-Хөгжилд хамтдаа” хөрөнгө оруулалт хөгжлийн чуулганд тухайн бүс нутагт хөрөнгө оруулах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэх сонирхолтой аж ахуй нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцов. Төр засгийн зүгээс болон орон нутгийн удирдлага хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн дэмжиж ажиллах бодлого баримталж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан нь аж ахуй нэгж байгууллага иргэдэд сонирхлыг ихээхэн татсан.
Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн талаар орон нутгийн удирдлагуудтай тусгайлан уулзах талаар ярилцаж ямар шинэ боломжууд гарч байгаа талаар санал солилцохоор болсон.
Мөн чуулганд оролцогч аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ямар шинэ төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж болох талаарх саналуудыг хоорондоо солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэв.
Зөвхөн Сүхбаатар гэлтгүй зүүн бүс цаашлаад далайд гарах Бичигт боомтоор дамжуулан шинэ дэд бүтэц, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, шинэ төсөл хөтөлбөрийн ажлыг эхлүүлэх суурь нь энэхүү чуулга уулзалтаар амжилттай эхэллээ.
0 cэтгэгдэлтэй