Богдхан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын хурал өнөөдөр болж, баярт УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, аймгийн үе үеийн удирдлагууд, иргэд, төрийн албан хаагчид оролцлоо.
Баярын хурлын арга хэмжээг нээж Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн үг хэлсэн бол аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар “Төв аймагчуудын түүхэн гавьяа, хөгжлийн үнэ цэнэ” сэдвээр илтгэл тавьж, аймгийн түүхэн хөгжил хийгээд өнөөгийн хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр, Эдүгээгээс 100 жилийн тэртээ гал голомтоо бадрааж байсан манай аймаг өнөөдөр засаг захиргааны хувьд Монгол улсын хамгийн олон буюу 27 сум, 97 багтай аймаг болж, 94.5 мянган хүн амтай, 5.1 сая толгой мал сүрэгтэй, 306.8 мянган га талбайд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, нийгэм, соёл, дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуйн цогцолбор болж, улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэн хөгжиж байна.
Атрын I, II, Ш аянуудад Төв аймагчууд манлайлан оролцож, газар тариалангийн салбарын тогтвортой хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Газар тариалангийн салбарын уналт, түүнийг сэргээх сорилтуудыг амжилттай даван туулж, орчин үеийн техник, техинологийг үр дүнтэй нэвтрүүлж, хүнсний хангамж, үйлдвэрлэлийн хүндрэлийг даван туулахад бодитой хувь нэмэр оруулж чадсан бөгөөд жилдээ 350- 425 мян.тн ургац хураан авч, улсдаа тушаадаг, газар тариалангийн үйлдвэрлэлд тэргүүлэгч аймаг байсаар байна.
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү цаг үед Төв аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж, Алт хөтөлбөрийг хэрэгжүүлэн, улсынхаа эдийн засгийг тэтгэж ирсэн бөгөөд зөвхөн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүд 150.0 гаруй тонн алт олборлож, Монгол Улсын эрдэнэсийн санд тушааж, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан түүхэн гавьяатай нутаг юм.
Үндэсний томоохон бүтээн байгуулалтууд, уул уурхай, дэд бүтэц, зам барилгын салбарын үйлдвэрлэлийн гол түүхий эд, бүтээгдэхүүнийг манай аймаг үйлдвэрлэн нийлүүлж байна.
Эдийн засгийн өсөлт, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжсэн гадаад харилцаа, хамтыг ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна.
Манай аймаг гадаадын 5 улсын 8 муж хоттой шууд харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэн ажиллаж байгаа бөгөөд Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудын Засаг захиргаадын холбооны гишүүн, Зүүн азийн Аялал жуулчлалын ерөнхий чуулганы Монгол Улсыг төлөөлсөн албан ёсны гишүүн юм.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, түүнийг дунд хугацаанд хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд манай аймгийн нутаг дэвсгэрт Олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдаж, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Богд хан төмөр зам төсөл хэрэгжүүлэх, Шинэ Зуунмод хот байгуулах Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүд гарч манай аймгийн эдийн засгийг тэтгэсэн бүтээн байгуулалтууд өрнөж, Төв аймаг хөгжлийн шинэ алтан боломжин дээр ирлээ” хэмээн илтгэлдээ дурдлаа.
Мөн энэ үеэр төрийн одон медалиар зарим хүмүүсийг шагнаж урамшууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 80 дугаар зарлигаар:
- “Соёлын гавьяат зүтгэлтэн” цолоор Баянцагаан сумын уугуул, Монгол улсын Үлэмж дархан мэргэн Цэдэвдоржийн Энхбат
- “Гавьяат малчин” цолоор Батсүмбэр сумын иргэн, Улсын аварга саальчин Цэдэндамбын Цогзолмаа
- “Гавьяат багш” цолоор Зуунмод сумын иргэн, төр захиргаа, боловсролын салбарын ахмад ажилтан Занаажавын Гончигсүрэн
- “Гавьяат эмч” цолоор Зуунмод сумын иргэн, Хүний их эмч Хинаатын Цэрэнлхам
- “Гавьяат агрономич” цолоор Зуунмод сумын иргэн, Улсын аварга тариаланч Төгс-Очирын Баярхүү
- “Гавьяат тээвэрчин” цолоор Зуунмод сумын өндөр настан, ахмад тээвэрчин Ширнэнгийн Готов
- “Гавьяат дасгалжуулагч” цолоор Эрдэнэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Бадамраагийн Болдбаатар
- “Гавьяат агрономич” цолоор Борнуур сумын иргэн, Улсын аварга тариаланч Бямбын Атартунгалаг-
- “Гавьяат хуульч” цолоор Зуунмод сумын иргэн, Хууль хяналтын салбарын ахмад ажилтан Дагвадоржийн Жамбалдорж
- “Гавьяат барилгачин” цолоор Зуунмод сумын иргэн, Төв гэрэл ХХК-ний ерөнхий инженер Ойдовын Цагаанхүү
- “Гавьяат эмч” цолоор Дэлгэрхаан сумын иргэн, Хүний их эмч Бат-Очирын Бямбадаш нарыг шагналаа.
0 cэтгэгдэлтэй