Дэлхийн нийт уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, биологийн олон янз байдлын хомсдол, хөрс болон хүрээлэн буй орчны доройтол зэрэг сорилтыг даван туулах, чухал хөшүүрэг нь байгаль орчны нөлөөллийн үнэлгээний чанар, шинжлэх ухааны үндэслэл болон олон улсын сайн туршлага, стандартыг дотоодын практикт нутагшуулах юм.
Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монголын байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо болон Хөдөө аж ахуйн их сургууль хамтран зохион байгуулж буй “Байгаль орчны үнэлгээ ба тогтвортой хөгжил: Олон улсын чиг хандлага, хамтын ажиллагаа” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Тус хурлын хөтөлбөрт Монгол Улс, Их Британи, Бенин, БНХАУ, ОХУ, Украин, Серби, Словак, Хойд Македон зэрэг 9 улсын эрдэмтэн, судлаачдын илтгэл, судалгааны бүтээл багтаж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний олон улсын чиг хандлага, эрх зүйн орчин, арга зүй, технологи, экосистемийн хамгаалал, нөхөн сэргээлт, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлыг хэлэлцлээ.
Хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж хэлсэн үгэндээ Салбарын яам бодлогын түвшинд байгаль орчны нөлөөллийн үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үнэлгээний чанар, хариуцлага, хэрэгжилтийг сайжруулах, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд онцгой анхаарч буйг онцлов.
Түүнчлэн аливаа төсөл, үйл ажиллагаанаас байгаль орчин, хүний эрүүл мэнд, нийгэмд учирч болзошгүй сөрөг нөлөөлөл, хохирлоос урьдчилан сэргийлэх, эрсдэл үүссэн тохиолдолд түүнийг богино хугацаанд мэргэжлийн түвшинд, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлж, зохих арга хэмжээг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх байгаль орчны үнэлгээний зорилго юм. Ойрын жишээ дурдахад Нөмрөгийн ДЦГ-т гарсан ойн хээрийн түймрээр байгаль орчны үнэлгээний ач холбогдол ямар чухал болохыг харж болно. Байгаль орчны үнэлгээний бүх үе шатанд холбогдох хууль тогтоомж, үндэсний болон олон улсын стандарт, аргачлал, дүрэм журмыг чанд мөрдөж, үнэлгээний дүгнэлт, шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй, мэргэжлийн хувьд нотолгоонд суурилсан, хариуцлагын хувьд тодорхой байх шаардлагатай гэдгийг дурдлаа.
Энэхүү хурлаар уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол болон хөрсний доройтлыг бууруулах, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ (БОНҮ)-ний чанарыг сайжруулах, олон улсын сайн туршлагыг үндэсний тогтолцоонд нутагшуулах асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн юм.
Тухайлбал Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Азийн хөгжлийн банк (АХБ), Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Байгаль орчин, нийгмийн хамгааллын стандартуудыг Монгол Улсын дэд бүтэц, уул уурхай, хөрөнгө оруулалтын төслүүдэд нэвтрүүлэх боломж, хөрс нөхөн сэргээлтийн фиторемедиаци болон био-технологиуд, шугаман дэд бүтэц, автомашины хүлэмжийн хийн судалгаа, экосистемийн эдийн засгийн үнэлгээний практик үр дүнг БОНҮ-нд хэрхэн ашиглах зэрэг асуудлаар эрдэмтэн судлаачид илтгэл тавин хэлэлцүүллээ.

0 cэтгэгдэлтэй