Бэлгийн үү нь хүний папилломын вирусээр үүсгэгддэг, дахилт өгдөг өргөн тархсан бэлгийн замаар дамжих халдвар юм. Орчин үед энэ вирусийн 100 гаруй хэв шинж мэдэгдэж байна. Хүний папиллом вирусын /ХПВ/ 6, 11 хэв шинж нь бэлгийн үү өвчин, ХПВ-ын 16, 18, 31, 33, 35 хэв шинж нь умайн хүзүүний хучуур эсийн гаж хувирлыг үүсгэн улмаар хорт хавдар үүсгэдэг.
Бэлгийн үү яаж халдварладаг вэ?
1. Ихэвчлэн бэлгийн үү өвчтэй хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд халдварлана. Арьс салстаар хүрэлцэх маягаар /жишээ нь бэлгийн харьцааны үед/ ХПВ халдварлаж зөвхөн арьс салстанд үлдэж цус болон бусад эрхтэн рүү тархдаггүй байна. ХПВ нь эс дотор байрлаж арьсны хамгийн гүн давхаргад үрждэг. ХПВ-ээр халдварлагдсан арьсны эс “өсч”, арьс салстын дээд давхарга руу буюу арьс салстын гадаргуу дээр гарч ирэн бусдад халдварлах боломжтой болдог. ХПВ халдварын нэг онцлог бол хүний биед тодорхойгүй хугацаагаар далд буюу “унтаа” байдалд байдаг.
Энэ үед уг вирус арьсны гүний давхаргад байдаг бөгөөд халдварлах чадваргүй байхаас гадна лабораторийн шинжилгээгээр ч илэрдэггүй байна.
2. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжина.
Бэлгийн үү өвчний үед хэдийд шинж тэмдэг илрэх вэ?
Халдвар авснаас хойш шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг тодорхойлоход хүндрэлтэй бөгөөд хэдэн долоо хоногоос хэдэн жил ч болдог /дунджаар 1-8 сар/.
Бэлгийн үү өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
Эрэгтэйчүүдэд шодой, хуухнаг, шээсний сүв, хошногоны амсар орчимд, эмэгтэйчүүдэд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умайн хүзүү, хошногоны амсар болон шээсний сүвний орчим арьс, салст дээр арьсны өнгөтэй ижил, цэцэгт байцаа маягийн нарийн суурьт үү ургацгууд гарна.
Ихэнх тохиолдолд энэ ургацаг нь ямар нэг зовиур илэрдэггүй.
Гэхдээ үү ургацгийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөлт өгөх, загатнах, цус гарах, үнэр ялгаруулах зэрэг зовиур илэрч болнo.
Бэлгийн үү өвчний үеийн хүндрэл, хор хөнөөл нь юу байх вэ?
1. Өвчин үүсгэгч вирүс нь хүний биед хадгалагдсаар байдаг учир өвчин дахих хандлагатай байдаг.
2. Хүний папилломын вирусын хавдар үүсгэх эрсдэл өндөр зарим хэв шинж нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
3. Халдвартай ээжээс төрөх замаар хүүхдэд халдвар дамжсантай хобоотой хүүхэд амьсгалын замын папилломатоз өвчинтэй болох магадлал өндөр.
Бэлгийн үү өвчин эмчлэгддэг үү?
Эмчилгээний олон аргууд байдаг боловч нэг нь ч төгс эмчилгээ болж чаддаггүй. Одоогоор дэлхий дахинд ХПВ-ын эсрэг эмийн бэлдмэл бий болоогүй байна. Иймээс хийгдэж буй эмчилгээнүүд зөвхөн шинж тэмдгийн эсрэг юм. Ихэвчлэн бэлгийн үүг лазер, электрокоагуляци (цахилгаан)-аар түлж авдаг. Эмчилгээний дараа сорви тогтох хандлагатай байдаг.
Бэлгийн үү өвчнийг урьдчилан сэргийлж болох уу?
1. Бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэж халдвар авахаас сэргийлэх
2. Дархлаа бууруулдаг дараах хүчин зүйлүүдээс зайлсхийх нь дахих, сэдрэхээс урьдчилан сэргийлэх гол арга юм. Үүнд: даарах, архи, тамхи хэрэглэх, стресст орох, хэт ядрах, витамины дутагдалд орох гэх мэт орно.
3. Одоогоор дэлхий дахинд ХПВ 16, 18, 6, 11-ийн эсрэг буюу бэлгийн үү, умайн хүзүүний хорт хавдар үүсгэх хэв шинжүүдийн эсрэг 2 төрлийн урьдчилан сэргийлэх вакциныг /Gardasil and Cervarix/ хийж байна. Дээрх вакциныг охид болон хөвгүүдэд бэлгийн харьцаанд орохоос өмнө хийх бөгөөд нилээн өртөг өндөртэй тул хөгжиж буй орнуудад хэрэглэх боломж бага байдаг.
0 cэтгэгдэлтэй