Ерөнхий сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

newslifemn 1 цагийн өмнө

Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг өөрчлөхийг Rio Tinto-оос шаардаж, Ерөнхий сайд Г.Занданшатар шийдэмгий байр суурь илэрхийлэн, шаардлага тавьсныг Financial times, Bloomberg, The Wall Street journal, The Times, Reuters зэрэг дэлхийн хамгийн том мэдээллийн агентлагууд нийтэлжээ.

Тухайлбал Rio Tinto-ийн хэрэгжүүлж буй 18 тэрбум ам.долларын Оюу Толгойн төслийн гэрээний нөхцөлийг Монгол Улс “шударга бус” хэмээн үзэж, дахин хэлэлцэх шаардлага тавьсан талаар Financial Times сонин мэдээлжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Рио Тинто группийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахдаа “Одоогийн нөхцөл байдал нь Монголын ард түмэн болон Улсын Их Хурлыг хууран мэхэлж байгаа мэт санагдаж байна” гэж Оюу Толгой төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлснийг The Wall street journal, Reuters, Financial times, Bloomberg, The Times зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолсон байна.

Rio Tinto компанийн төлөөлөгч Reuters агентлагт өгсөн тайлбартаа Монголын Засгийн газартай идэвхтэй хэлэлцээ хийж байгааг онцлоод Оюу Толгой төслийн боломжийг бүрэн ашиглаж талуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хамгийн том зэс, алтны ордуудын нэг болох Оюу Толгойн төслийн 34 хувийг Монгол Улс, харин 66 хувийг Rio Tinto эзэмшдэг. Уг уурхай нь Rio Tinto компанийн зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх хамгийн том төсөл бөгөөд 2011 онд ил уурхайн олборлолт эхэлсэн юм.

Financial Times сонины мэдээлснээр, Монгол Улс Оюу Толгойн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгө оруулалтын өөрийн эзэмшлийн хувийг санхүүжүүлэх зорилгоор Rio Tinto-оос 11 хувийн хүүтэй олон тэрбум долларын зээл авсан байна. Монголын Засгийн газар уг зээлийн хүүгийн хэмжээг 6 хувиас доош бууруулах, мөн төслийн менежментийн үйлчилгээний төлбөрийг багасгах санал тавьсан талаар мэдээлэлд дурджээ.

Талуудын хэлэлцээ амжилтгүй болбол Rio Tinto компанийн Монголд төлөх экспортын татварын хувь хэмжээг нэмэгдүүлж болзошгүй гэдгийг онцолсон байна. Оюу Толгой уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах үед жилд 500 мянган тонн зэс олборлох боломжтой гэж компанийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.