Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дахь мод үржүүлгийн “Соёолж ” ХХК-д ажиллалаа.
“Соёолж” ХХК-ний энэхүү 50 га мод үржүүлгийн талбай нь 2011 онд байгуулагдсан бөгөөд Монгол орны үндсэн модлог ургамалд ордог 20-иод төрлийн мод, бутыг үржүүлж, бойжуулдаг. Монгол орны ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалтад нэмэр болох, хот суурин газрын ногоон байгууламжид шаардагдах мод бутны нөөцийг бэлтгэх, ажлын байр нэмэгдүүлэх, импортыг орлох гоёл чимэглэлийн модны төрөл зүйлийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Шинэс, Монос, Нарс, Гацуурын бойжуулах талбай, Хайлаасын талбай, усалгааны цөөрөм, нарсны үрээр тарьж байгаа байдал, ил талбайд үрээр суулгасан гацуурын талбай, Интродукц нутагшуулах судалгааны ажлын хүрээнд цэнхэр гацуур, мөнгөлөг улиасны ургалтын байдалтай танилцсанаас гадна техник хэрэгслийн талбайг үзэж, нарсыг үндсээр боож бэлтгэх ажлыг сонирхлоо.
Тус компани “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам дагуу таван газарт ойжуулалтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэг газар нь 20-30 га талбайтай байх бөгөөд гурван жилийн хугацаанд 25-30 мянган мод, нийт 150 мянган мод тарих төсөл боловсруулжээ.
Дашрамд дурдахад 2023 оны хаврын байдлаар Төв аймгийн хэмжээнд мод үржүүлгийн газар 13 суманд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 23 аж ахуйн нэгж, 175,5 га талбайд, 11.1 сая тарьц, суулгацыг үрээр болон мөчрөөр тарьж ургуулан тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
0 cэтгэгдэлтэй