Монгол улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх II төслийн нээлт боллоо

newslifemn 2026-10-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Япон Улсын засгийн газрын санхүүжилтаар Өмнөговь аймгийн Сэврэй суманд “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл I ”-ийг 2024 оноос амжилттай хэрэгжүүлж байна.
Тус төслийн үргэлжлэл болох Заган ойг сэргээх II-р төслийн нээлт болж аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масару, Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнх, аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Мөнхмаа нар оролцлоо.
Дээрх төслийг Байгаль орчны газар, Баруун бүсийн Сум дундын ойн анги, “Оиска Монгол” ТББ хамтран хэрэгжүүлж нийтдээ 18.000 гаруй загын суулгац суулгасан байна. Энэхүү ажил нь заган ойг нөхөн сэргээх, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх зорилготой үндэсний хэмжээний томоохон ажил юм.