УИХ-ын гишүүн Ж.Батжаргал зудтай сумдад ажиллаж, шаардлагатай тусламжийг үзүүлж байна

newslifemn 2024-03-2

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал зудын нөхцөл хүндрэлтэй байгаа Төв аймгийн сумдад ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, сумын онцгой комисст шаардлагатай дэмжлэг үзүүллээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын хэмжээнд 809 малчин өрх, 677 мал бүхий өрхийн нийт 76046 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд малын зүй бус хорогдол 456 байна.
Цагийн байдалтай холбоотой малын тэжээлийг тасалдалгүй хангах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарч ажиллахыг холбогдох албаны хүмүүст чиглэл болголоо.
Өнгөрсөн өвөл Баянгол 3-р багийн нутагт үүссэн халианы нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, шаардлагатай техник хэрэгсэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Улс, аймгийн онцгой комиссоос үүссэн нөхцөл байдалд үнэлэлт хийж, халианд өртсөн нэн хүндрэлтэй айл өрхүүдэд тусламжаар 5 гэр олгосныг сумын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Жаргалант сумын тухайд 437 малчин өрх, 524 мал бүхий өрхийн нийт 151289 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд малын зүй бус хорогдол 169 байна. Улс, аймгийн онцгой комиссоос цагийн байдалд үнэлэлт хийж, хаваржилтыг хохирол багатай давах туулах чиглэлээр 800 боодол ногоон тэжээл, 100 шуудай хивэг, 10 тн тэжээлийн будаа, 5.0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг Сумын Онцгой Комисст үзүүллээ.
Баянчандмань сумын нийт нутгаар цасны зузаан дунджаар 23 см, гуу жалгандаа 35-40 см хунгарлан тогтож цагаан зудын нөхцөл байдалтай байна.
Сумын хэмжээнд 429 малчин өрх, 305 мал бүхий өрхийн нийт 40941 толгой мал өвөлжиж, малын зүй бус хорогдол 141 буюу 0.32 хувь байна. Малчдын өвөлжөө, хаваржаа руу явах гол замыг нээх чиглэлээр 3 удаагийн давтамжтай 280 км гаргасан талаар танилцууллаа.
Тус суманд 800 боодол ногоон тэжээл, 100 шуудай хивэг, 10 тонн тэжээлийн будаа, 5.0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ.
May be an image of text