Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийг 2020-2026 онд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 8 аймгийн 18 сумын орон нутгийн өмчийн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын 4 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар нийтдээ 7 мянган га талбайг усалгаатай тариалангийн эргэлтэд нэмж оруулах юм.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий зэрэг 7 аймгийн 10 суманд нийтдээ 3031 га талбайг услах хүчин чадалтай услалтын системүүдийг барьж байгуулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ онд багтаан эхний ээлжийн 2-3 услалтын системийг ашиглалтад хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
Инженерийн хийцтэй услалтын системүүдийг байгуулснаар 3500 гаруй тариалан эрхлэгч өрх жилдээ дунджаар 8 мянга гаруй тонн хүнсний ногоо, 90 мянга гаруй тонн малын тэжээл үйлдвэрлэж, тэр хэрээр өрхийн орлого нэмэгдэх боломж бүрдэх юм.
Төслийн үр дүнд усалгаатай тариалангийн хэмжээг одоогийн түвшнээс 10-12 хувиар нэмэгдүүлж чадсанаар уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, дулаарлын нөхцөлд газар тариалангийн үйлдвэрлэлийг эрсдэлээс хамгаалах, хүнсний тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулна.
0 cэтгэгдэлтэй