Б.Дэлгэрсайхан: 70 жилийн өмнө байгуулсан Замын-Үүд, Эрээний төмөр замаас хойш хийж буй хил холболтын хоёр дахь бүтээн байгуулалт эхэллээ

newslifemn 2025-05-17

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ. Энэ нь 1955 оны хэлэлцээрээр байгуулсан хоёр орны хоорондох Замын-Үүд болон Эрээн хотын төмөр замаас хойш хийж буй хоёр дахь холболтын төмөр зам болж байна.

Тиймээс энэ нь манай улсын хувьд экспортыг нэмэгдүүлж, ачаа болон зорчигч тээвэрийг өргөжүүлэх, Монгол Улсын эдийн засаг, зам тээврийн салбар дахь түүхэн үйл явдал болж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас сэтгүүлчид бүтээн байгуулалтын газар дээрээс тодруулсан юм.

-Төслийн үр дүн, ач холбогдол юунд оршиж байна вэ?

-Энэ бол улс төрийн гэхээсээ илүү Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй төсөл юм. Тиймээс Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн хамгийн эхэнд эрэмбэлэгдсэн.

Бид хилийн энэ төмөр замыг холбоснооор жилд дунджаар 83 сая тонн байгаа нүүрсний экспортыг 165 сая тонноор нэмэгдүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж төлөвлөсөн.

Өнгөрсөн жил бид 80 гаруй сая тонн нүүрс экспортолсон. 165 саяд хүргэнэ гэдэг өнөө маргаашийн ажил биш. Энэ бүтээн байгуулалтыг яаж ч шахаад 22 сард багтаан хийнэ хэмээн тохирч гэрээг зурсан. 2-3 жилийн ажил байна. Хоёр тал холболтын төмөр замаа аль болох хурдан барьж тавих нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр бүтээн байгуулалтыг илүү богино хугацаанд хийнэ.

Энэ төмөр зам нь Замын-Үүд, Эрээнийхтэй ижилхэн байгууламж учир мөн барилгын материалаас авахуулаад үйлдвэрийн тоног төхөөрөмж гээд хүний хэрэгцээтэй импортын ачаа бараа тээвэрлэн хүлээн авах боломжтой.

Зорчигч тээврийн тухайд энэ төмөр замын эхний зорилго бол нүүрсээ экспортлох тээврийн зориулалтаар тавих төмөр зам тул зорчигч тээвэрлэх талаар одоохондоо яригдсан зүйл байхгүй. Яваандаа үнийийг өөр хэлбэрээр шийдэх байх.

-Бүтээн байгуулалт дахь урд хөршийн оролцоог тодруулна уу?

-Олон жил дуншсан төслийг гүйцэтгэх барилгын ажил эхлээд байна. Монголын “Тавантолгой төмөр зам”, БНХАУ-ын “Чайна Энержи интернэшнл” компаниуд хамтран барина. Бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийн олон улсын нээлттэй тендерт БНХАУ-ын төмөр замын инженерийн болон төмөр замын барилгын гэсэн төрийн өмчит нэр хүнд бүхий хоёр компани орсноос “CRCC” барилгын корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” (China Railway Construction Bridge Engineering Bureau Group) шалгарсан. Тус компанийн захиралтай сая Ганцмод дээр уулзсан. Цаг алдахгүйгээр ажлаа хийж гүйцэтгэхээр тохирсон. Үндсэндээ бидэнд нэг өдөр ч үнэ цэнтэй.

-Тээвэрлэлтийг яах вэ, худалдан авах тал үүнийг хариуцах уу?

-Төмөр замынхан өөрсдөө тээврээ хариуцна. Анх гэрээ хийхдээ төмөр замын ашиглалтыг 50х50 хувь тэнцүү ашиглана гэсэн заалт оруулсан. Өмнө нь буруу зөрүү ойлголт яваад байсан учраас гурван гэрээнээс гадна олон улсын гэрээгээ цогцоор нь хянасан. Тусдаа дахиад хэлэлцээр байгуулсан. Улмаар хэлэлцээрт нэлээд нарийн заалтууд тусгаж өгсөн.

Бүтээн байгуулалтад манай талаас шалтгаалах асуудал бий юү?

-Олон жил хүлээгдэж байсан учир хил гааль бүхий л асуудлыг нэлээд бодож хийсэн. Ялангуяа орж ирж ажиллах хүчийг тусгай бүс байгуулж, ажлыг нь саадгүй явуулах талаар хил хамгаалах байгууллагад үүрэг өгсөн. Мэдээж явуулын гааль ажиллана.

Орж ирэх зуурмагаас авахуулаад арматур гээд бүгдийг бүртгэж, дараа нь гаалийн бүрдүүлэлт хийж, аль болохоор бүтээн байгуулалтыг зогсоохгүй, саадгүй байх эрхзүйн зохицуулалтуудыг хийсэн.

Бүтээн байгуулалтын долоон цогц ажил бий. ЗТЯ эдгээр ажлаас замын угсралт барилгын ажлаа л хариуцна. Долоон цогц ажлаас зарим нэг худалдан авах ажлууд бий. Тухайлбал, хил гаалийн тоног төхөөрөмж авах нь тухайн байгууллага, Сангийн яам өөрсдөө хариуцаж хийхээр болсон. Зөвхөн барилгын ажилд л тендер зарласан.

Төмөр замын нийт өртөг 900 орчим тэрбум төгрөгийн зардлыг хэзээ нөхөх юм бэ?

-Анх 979 тэрбум төгрөг байсныг буулгаад 840 тэрбум төгрөгийн тендер зарласан. Жилд 30 сая тонноор бодоход 1-2 жилд өртгөө нөхнө гэсэн тооцоо бий. Төмөр зам бол хамгийн өртөг багатай тээврийн хэрэгсэл. Төмөр замаа холбочихвол өргөн царигаараа 30 сая тонн, нарийн царигаараа 10 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэж тооцож байгаа.

-Хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулах үндсэн чиглэл нь дараа дараагийн боомтуудыг холбох ажлыг авч үзнэ гэсэн байгаа. Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замын холболт түрүүлээд ашиглалтад орох боломжтой юу?

-Ганцмод боомтод барилгын ажил эхэлмэгц бусад боомтын хил холболтын ажлын хэлэлцээрийг хийж эхэлнэ гэж заасан. Сэхэ-Шивээхүрэн боомтын холболтоос үндсэндээ 300 метрийн л зай бий. Уг 300 метрийг үргэлжлүүлээд энэ ажлынхаа араас шууд холбоно. Сая Ерөнхий сайд ширээний ард уг асуудлыг ярилаа. Энэ ажлыг үргэлжлүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Тиймээс Сэхэ-Шивээхүрэн боомтын холболт түрүүлээд ашиглалтад орох бүрэн боломжтой. Үүнийг анхнаасаа монголчууд өөрсдөө барьсан. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хил дотроо барьсан нарийн царигийн байгууламжтай.

Б.Дэлгэрсайхан: Экспортыг нэмэхээр зорьж буй тул шинэ төмөр зам нээсэн ч нүүрсний жолооч нарт харшлахгүй  

-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрс тээврийн компаниудын эрх ашиг хөндөгдөх байх. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Бид нүүрсний экспортыг аль болох нэмэгдүүлэхээр зорьж буй тул авто тээврээр нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт ямар нэг харшлах зүйл байхгүй. Түрүүн Ерөнхий сайдын хэлсэн үгэнд бүх төмөр замыг холбосон ч төмөр зам, болон авто машинтайгаа нийлээд 165 сая тонн хүрнэ гэсэн. Тиймээс авто тээвэрт харшлах зүйл байхгүй. Харин эсрэгээрээ авто тээвэр, төмөр зам хоёулаа л ажлын байртай байна гэсэн үг.

Шинэ чиглэл, холболт нээгдэж буй учир төмөр замын галт тэрэг, зүтгүүрийн асуудал давхар яригдан гарч ирэх байх?

-Манай гүйцэтгэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-д 20 гаруй шинэ зүтгүүр бий. Дээр нь нэмээд “Монголын төмөр зам”-д 7 зүтгүүр бий. Ер нь зүтгүүрийн хувьд ч вагоны хувьд ч хангалттай. Шаардлагатай гэж үзвэл тавцант вагон авна.

Өргөн царигтай холбогдож нутгийн гүн рүү орж байгаа учраас аль болохоор задгай вагоноор ачна гэсэн үг. Нарийн цариг дээрээс бол шууд цаашаа хилийн гүн рүү явж байгаа учраас одоогийн чингэлгээр ачих юм. Өргөн царигаар шууд гараад Хятадын талын Ганцмодонд байгаа байгууламжид хөмрөх төхөөрөмжөөр буулгаад эргээд цаашаа нарийн царигийн вагонд ачих байгууламжтай юм.

Мэргэжлийн ажиллах хүч хэрэгтэй болох байх. Хэр хангалттай байгаа вэ?

-Мэргэжилтэн хангалттай бий. Өмнөговь аймгийн Техник мэргэжлийн коллежид нэмж мастер, техникч, инженер бэлтгэхээр санамж бичиг байгуулахаар ярилцсан. Бид аль болох орон нутагт боловсон хүчнээ бэлдэхийг зорьж байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хийх ажлууд: Төмөр замын доод, дээд бүтэц:

  • I зэрэглэлийн 1520 мм царигтай өргөн зам, 1435 мм царигтай нарийн зам. Гол замын урт өргөн царигийнх 8.661 км, нарийн царигийнх 10.794 км. Дэлгэмэл урт өргөн царигийнх 12.1 км бол нарийн царигийнх 20.5 км урттай. Төмөр замын голын даац 25 тонн.
  • Төмөр замын хурд 100-200 км\ц, хамгийн бага радиус 800-1200 м.

Эстакадан гүүр: хос замтай гүүр 1496 у/т.

Эрчим хүч: Шинээр 10кВ-ын 2 хэлхээ ЦДАШ-ын урт 6.2 км барих, мөн 10 кВ-ын ЦДКШ-ын урт 9.3 км барих, 35/10 кВ-ын Гашуунсухайтын дэд станцын өргөтгөл, 10/0.4 кВ-ын дэд станцын угсралтыг тус тус шинээр төлөвлөсөн.

  • Анкер тулгуур 8 байршилд 35 кВ-ын төмөр бетон тулгуурыг солих, хил хооронд гүүрийн гэрэлтүүлэг тавина.

Барилга байгууламж: 19 барилга байгууламж барина.

Дохиолол холбоо: Шинэ систем барина. Үүнд ТЕТРА радио холбооны болон SCADA систем, SDH дамжуулах болон CCTV систем, хил хооронд оптик шилэн кабель суурилуулна.

  • Автозам: асфальтбетон замын урт 10 км, хайрган замын урт 1.97 км, төмөр бетон дугуй хоолой 19 байршилд урт нь 298 км байна.

Тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүн: Нарийн царигийн сэлгээний зүтгүүр, зүтгүүр зэхэлтийн байгууламж, бусад байгууламжууд орж байна.