Энэ онд нийслэлийн ойн 208 га талбайд цэвэрлэгээ хийгдэнэ

newslifemn 8 цагийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлыг Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцуулав. Энэ онд цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээгээр  208 га ой дахь хатсан мод, унанги, гишүү мөчрийг цэвэрлэн 60 шоометр  хэрэглээний мод, 4400 шоометр түлээний модыг бэлтгэн иргэдийн түлшний  хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Засгийн газрын  2020 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан Ойгоос бэлтгэж ашиглах 1 шоо метр  түлээнд ногдуулах төлбөрийн хэмжээ  5920 төгрөг, хэрэглээний модонд ногдуулах төлбөрийн хэмжээ  17102 төгрөг байна. Тэгвэл энэ жил ойгоос түлшний мод бэлтгэсний төлбөрийн орлого 27.1 сая төгрөгийг бүрдүүлж нийслэлийн төсөвт оруулахаар төлөвлөжээ. Ойн цэвэрлэгээг хийснээр экологийн төлөв байдал сайжирч түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлнэ гэдгийг албаныхан онцлов.

НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа “Ойн цэвэрлэгээний асуудал төсөвтэй юу. Хотын тодорхой бүсүүдийн ой их шингэрсэн. Нийт хэчнээн га ой цэвэрлэсэн, хэдэн тонн хатсан мод цэвэрлэсэн тоо хэмжээ байна уу. Цэвэрлэх нэрээр залуу мод хулгайлж огтлоод байгаатай яаж тэмцэн байна” гэдгийг тодруулав. Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бат-Өлзий “Ойн цэвэрлэгээтэй холбоотой асуудал төсөвгүй хийгдэж байгаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас баталсны дагуу тухайн ой бүст мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулах зарчмаар цэвэрлэгээ хийгддэг. Залуу мод огтлох асуудал нь эрүүгийн гэмт хэрэг учир байгаль хамгаалагч хяналт тавиад экологийн цагдаагийн албанаас хариуцлага тооцоод явдаг” гэсэн хариулт өглөө.

ИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө “Ирэх долоо хоногт Түгээмэл тархацтай ашигт малтмалын лиценз олгож эхлэх гэж байна. Үндсэндээ долоон жилийн дараа дахин түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг олгох гэж байна. Гол нь цахимаар өгөх гэж байна. Энэ бол том алдаа. Хуучин Ашигт малтмалын газар дээр хайгуулын лицензийг ингэж өгсөн. Гэхдээ хоёрхон секундийн дотор лицензийн тусгай зөвшөөрөл дууссан буюу хэдэн хакер залуучууд суулгачхаад мэдээлэлд ойр дарга нар авсан байдаг. Тэгэхээр түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвлөл гэж яагаад байхгүй байна. Бүтээн байгуулалт явагдаж байгаа энэ үед цахимаар явуулах нь хэр оновчтой вэ” гэсэн асуулт тавив.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Энэ удаа зөвхөн материалыг цахимаар хүлээж авна. Зөвхөн хайгуулын зөвшөөрлийг өгнө. Үүний дараа Зөвлөлөөр хэлэлцэж, Хөнгөн үйлдвэрийн яам руу шилжинэ. Тиймээс бүх компаниудад шат шатны хяналт тавигдаад явна” гэв. Ийнхүү 2025 оны нийслэлийн ойгоос бэлтгэх модны хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэж НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА