Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжиж байгаа боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцлаа.
Хүүхэд бүр хаана амьдарч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших, аюулгүй, ээлтэй орчинд сурч хөгжих боломжтой байх ёстой. Энэ зорилгын хүрээнд Зуунмод хотод хэрэгжиж байгаа 320 суудалтай сургуулийн өргөтгөл болон 150 ортой дотуур байрны барилгын ажил ямар шатанд явж байгааг газар дээр нь үзэж, холбогдох байгууллагуудтай санал солилцлоо.
Зуунмод хотын 5 дугаар сургуулийн 320 суудалтай өргөтгөлийн барилга 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын үндсэн хийц бүтээц бүрэн дуусаж, гадна фасад, дээвэр болон дотор заслын ажлууд үргэлжилж байна. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор сургуулийн хүчин чадал нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжрахаас гадна өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чухал хөрөнгө оруулалт болно.
Мөн 150 ортой дотуур байрны барилгын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор орон нутгийн болон алслагдсан бүсээс ирж суралцдаг хүүхдүүд орчин үеийн шаардлага хангасан, аюулгүй дотуур байранд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Сургуулийн барилга, хичээлийн танхим, дотуур байр бол зөвхөн бетон хийц биш. Энэ бол хүүхдийн мөрөөдөл, ирээдүйгээ бүтээх орон зай. Тиймээс боловсролын салбарын хөрөнгө оруулалт бүр хүүхдийн хөгжлийг дэмжсэн эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлэхэд чиглэх ёстой.
Цаашид эдгээр бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь, чанарын өндөр түвшинд ашиглалтад оруулж, хүүхэд бүрд сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажил нийслэл төдийгүй орон нутаг бүрд бодит үр дүн авчрах ёстой. Хүүхдийн төлөөх хөрөнгө оруулалт бүр Монгол Улсын ирээдүйд оруулж буй хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм.

0 cэтгэгдэлтэй