О.Нарандэлгэр: Экспортын нэг цонхны систем нэвтэрснээр баримт бичгийн давхардал арилахаас гадна цаг хугацаа, зардал хэмнэнэ

newslifemn 2023-05-22

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аас экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилго бүхий “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа юм. Энэ талаар “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэрээс зарим зүйлийн талаар тодрууллаа.

-Сайн байна уу? “Хөдөө аж ахуйн бирж” нь ямар үйл ажиллагаа явуулдаг талаар талаар ярилцлагаа эхэлье?

-Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн дагуу 2013 онд үүсгэн байгуулагдсан.  Зуун хувь төрийн өмчит компани юм. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учраас зөвхөн ашгийн төлөө гэхээс илүү салбарын шинэчлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулах, малчид, тариалан эрхлэгчид, хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын зуучлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн бирж нь блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны системийг ашиглан биржийн арилжааг зохион байгуулдаг бөгөөд худалдагч, худалдан авагчдыг холбосон мэргэжлийн брокерууд тус системээр дамжуулан арилжаанд оролцдог юм.

Биржийн зах зээлд арилжаалагдаж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангасан байдаг учраас чанарын баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаасаа хамаараад дотоодод үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломжийг олгодог давуу талтай.

2022 оны байдлаар нийт өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн арилжааг зохион байгуулаад байна.

-“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлдог. Тиймээс хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  тусгасан байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70.0 мян.тн, 2022 онд 90.0 мян.тн, 2023 онд 120.0 мян.тн, 2024 онд 150 мян.тн-д хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг.

Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 50 гаруй баримт бичгийг бэлтгэдэг байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны А/372 дүгээр тушаалаар Дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсэг нь “Худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг зохицуулагч хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтэд экспортын үйл явцыг хөнгөвчлөх боломж, “Экспортын нэг цонхны систем”-ээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардалыг арилгаж, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ашиглаж буй цахим системийг “Экспортын нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн талаар саналыг боловсруулсан. Өнөөдөр энэ системийн хөгжүүлэлтийн ажил хийгдээд явж байна.

Энэ систем нь зөвхөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглагдах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, дотоодын үйлдвэрийг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам баримтлан ажиллаж байгаа.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд анхаарал хандуулж байгаа. Харин цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд тус системийг ашиглах юм.

“Экспортын нэг цонхны систем” нэвтэрснээр ямар давуу талыг бий болгох вэ?

“Экспортын нэг цонхны систем” нь экспорттой холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг биелүүлэхийн тулд нэг системээр дамжуулан төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох боломжийг олгох, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх систем юм. Мөн тус системийг нэвтрүүлэх нь төрийн байгууллагуудын баримт бичгийн давхардлыг арилгах, түүнд зарцуулагдах цаг хугацаа, зардалыг бууруулахад бодит дэмжлэг болно.

-Өнөөдөр энэ системийн хөгжүүлэлт хийгдэж байсан гэсэн. Тэгвэл хэдий хугацааны дараанаас бүрэн нэвтрэх вэ?

“Экспортын нэг цонхны систем”-ийн хөгжүүлэлтийн үе шат дуусаж, холболт туршилтын үе шат эхэлсэн байгаа бөгөөд системийн албан ёсны нэвтрүүлэлтийг 2023 оны 5 дугаар сард багтаан хийхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.