Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

newslifemn 2 цагийн өмнө

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг болох Бортээгийн ордод үйл ажиллагаа явуулж байсан “Админерал” компанийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг прокурорын шийдвэрээр түр зогсоож, битүүмжилжээ. Тус баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан хятад ажилчдыг нутаг буцаан, түрээсийн машин техник, тоног төхөөрөмжийг эздэд нь хүлээлгэн өгч, обьектуудыг нь лацдан битүүмжилсэн байна.

Бортээгийн уурхай 424 сая коксжих нүүрсний нөөцтэй. Тус ордод нүүрс баяжуулах үйлдвэр барих нэрийдлээр халхавч тендер зарлан, Бортээгийн нүүрсийг зах зээлийн үнээр худалдан борлуулах давуу  эрхийг “Админерал” компанид хууль бусаар олгосныг 2023 оны 12-р сард болсон нүүрсний сонсголын үеэр баримтаар ил болгож байсан юм.    Улмаар эл хэргийг АТГ шалгаж эхэлсэн бөгөөд төрийн эрх мэдэлтэн албан тушаалын давуу байдлаа ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул тус баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг  өнгөрсөн 7 хоногт зогсоож, битүүмжлээд байгаа аж.

Дашрамд дурдахад уг хэрэгт холбогдуулж УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн 22.1.2, 22.10.2 дахь хэсэгт заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий даваа гарагт мэдээлсэн юм.