“ЭХ ОРОНЧ МОНГОЛ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

newslifemn 2026-10-12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүүхэд, залуус, иргэдэд үндэсний язгуур ашиг сонирхол, монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ёс зүйтэй монгол иргэнийг төлөвшүүлэх зорилгоор “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар хэрэгжүүлж байгаа ба өнөөдөр Төв аймагт энэхүү сургалт, өдөрлөгийг зохион байгуулж байна.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааны талаар иргэд, алба хаагчдад мэдээлэл өгөв.
Өдөрлөгийн хүрээнд Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийнхан ЭХО, дотор, дотоод шүүрэл, мэдрэл, зүрхний үзлэг оношилгоо, лабораториор дамжуулан цусны ерөнхий, биохими, шээсний шинжилгээ, В, С вирусын шинжилгээг газар дээр нь авч, шаардлагатай үзлэгийг хийж, зөвлөгөө өгч байна. Мөн Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхийг сурталчлан таниулах зэрэг олон талт үйл ажиллагааг мөн зохион байгуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хамгаалах түүхэн он жилүүдэд Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо төлөө амь, биеэ үл хайрлан тэмцэж явсан 43 ахмад дайчдын үр хүүхдэд “Бид ялав” медаль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг гардуулан өглөө.
Түүнчлэн Төв аймаг дахь Политехник коллежийн мэргэжлийн сургалтад амжилттай суралцсан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хугацаат цэргийн алба хаагчдад “Чадамжийн гэрчилгээ”, Зуунмод сумын 6 багийн 12 хүүхдэд /18 нас хүрсэн/ “Цэргийн үүрэгтний үнэмлэх, батламж”-ийг гардуулсан юм.