Өмнөговь: Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршигийг залуу хойч үед таниулан ойлгуулах, түүхэн үнэнг мартагдуулахгүй байх хэлэлцүүлэг хийлээ

newslifemn 2026-09-9

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга О.Эрдэнэ-Өрнөхийн санаачлага, урилгаар түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан, ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Х.Мөнхбаяр нар Өмнөговь аймагт хүрэлцэн ирж, “Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршигийг залуу хойч үед таниулан ойлгуулах, түүхэн үнэнг мартагдуулахгүй, мөн давтагдуулахгүй байхын чухлыг онцолсон хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт хүүхэд залуучууд, төрийн албан хаагчид, аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдөд оролцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид улс төрийн хэлмэгдүүлэлт дахин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дижитал платформ ашиглан хэлмэгдүүлэлтийн талаарх түүх, баримт мэдээллийг үнэн зөвөөр хүртээмжтэй, ойлгомжтойгоор иргэдэд хүргэх, технологийн эрин үед аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, үнэн зөвийг нягтлан шалгах дадлыг хэвшүүлэх зэрэг санал, зөвлөмж гарлаа.
Түүхэн өдрийн хүрээнд зохион байгуулагдах дараагийн арга хэмжээ 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 14:00 цагт Хөгжимт жүжгийн театрт “Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: Түүх, хувь заяа /1926–1930/” сэдэвт лекцээр үргэлжилнэ.