Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 11 дүгээр хуралдаан 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр 88.6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар газар зохион байгуулалт, орон нутгийн өмч, боловсрол, ашигт малтмал, төсөв санхүү, хөгжлийн бодлого төлөвлөлт, эрчим хүч, байгууллагын стратеги төлөвлөгөө болон байгаль орчны чиглэл зэргээр нийт 14 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Өмнөговь аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт орууллаа. Мөн орон нутгийн өмчийн тухай асуудлыг хэлэлцэж үндсэн хөрөнгө актлах, данснаас хасах, балансаас балансад шилжүүлэх, дуудлагын худалдаагаар худалдах асуудлуудыг шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангах, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудыг татан буулгах ажлын хүрээнд сумдад үйл ажиллагаа явуулж буй арван эмийн эргэлтийн санг татан буулгалаа.
Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Ингэснээр Өмнөговь аймагтай хамтын ажиллагаатай улс орнуудаас гадна хамтын ажиллагааны гэрээ байгуулаагүй улс оронд суралцаж буй оюутнуудыг журмын шаардлага хангасан тохиолдолд хамруулах боломжийг бүрдүүллээ.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгоход санал өгөх тухай асуудлыг хэлэлцлээ. Тус асуудлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас хүсэлт ирсний дагуу дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглах хайгуулын зөвшөөрөл олгох 7 талбайд санал өглөө.
Газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалтын тусгай зөвшөөрөл олгоход санал өгөх тухай асуудлыг хэлэлцэж “Онги V” нэртэй 45,649.21 гектар, “Нэмэгт VI” нэртэй 340.25 гектар, “Хонгор VIII” нэртэй 1,366,812.56 гектар талбай бүхий газрын тосны хайгуулын нийт 3 талбайд санал өглөө. Тус талбайнууд нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, улсын хилийн зурвас болон бусад ашигт малтмалын талбайтай давхацсан үндэслэлээр газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах санал гаргалаа.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайд санал өгөх тухай асуудлыг хэлэлцэж, санал авахаар ирүүлсэн нийт 110 нэгж талбай буюу 503 мянган га газарт санал өглөө. Тус талбайнууд нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар, өвөлжөө, хаваржааны газар болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхацсан болохыг харгалзан үзэж, уг талбайг ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад оруулахыг дэмжихгүй байх санал хүргүүллээ.
Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотойгоор нэмэлт, өөрчлөлт оруулж баталлаа.
Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцэж Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.6 дах хэсэгт заасан цагалбарын дагуу 2027 онд хийгдэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөг эрэмбэлэн хуулийн хугацаанд баталлаа. Тус төлөвлөгөөг аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан зорилго, зорилтын хүрээнд боловсруулсан байна.
1. Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, Олон Улсын хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэж, эрүүл амьдралын дадал хэвшил төлөвшүүлэн, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлж, Хүний хөгжлөөр тэргүүлэгч аймаг болох бодлогыг хэрэгжүүлнэ.
2. Говь цөлийн бүсийн экологийн тэнцвэрийг хангах, хүрээлэн буй орчны унаган төрхийг хадгалж, уул уурхайн нөлөөллөөс байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж, усны нөөцийн хомсдолыг бууруулах, төв, суурин газрын ундны ус, бэлчээр, усжуулалтыг үр дүнтэй хэрэгжүүлнэ.
3. Эрчим хүчний хараат байдлыг бууруулах шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлж, сумдад сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрээр хангаж, байгууллагуудын урсгал зардлыг бууруулан, айл өрхийн нарны хавтан зайн хураагуур, бага оврын нарны эх үүсгүүрийг нэмэгдүүлж, ногоон дэд бүтцийг хөгжүүлэх замаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгох бодлого хэрэгжүүлнэ.
4. Ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангах технологийг Хөдөө, аж ахуйн салбарт нэвтрүүлж, ухаалаг хүлэмжийн тариалалт, өрхийн мал аж ахуй, газар тариалангийн салбараас олох бодит орлого, эдийн засгийн өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлнэ.
5. Мэдээллийн технологийн дэд бүтцийг хөгжүүлж, хиймэл оюун, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлэн, цахим засаглал, ил тод байдлыг бодитоор нэмэгдүүлж, бүх салбарт цахимжуулалт, цахим зөвшөөрлийн системийг нэвтрүүлж, авлига, хүнд суртлыг халах бодлого хэрэгжүүлнэ. Өмнөговь аймгийн байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын өв, нүүдэлчдийн ахуй соёл, археологи, палеонтологийн давтагдашгүй нөөцөд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалаас олох иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, гадаад, дотоодын жуулчдын ая тухтай, аюулгүй аялах дэд бүтэц, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба нь чанарын менежментийн тогтолцооны ISO9001:2015 стандарт, MNS7068:2025 төрийн албаны болон орон нутгийн өмчит байгууллагын үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага, стандарт нэвтрүүлж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025-2028 оны стратеги төлөвлөгөөг шинэчлэн баталлаа. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын 2021-2025 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт тайлагнаж, 2026-2030 оны менежментийн төлөвлөгөөг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын 2021-2025 оны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 75 хувийн үр ашигтай хэрэгжсэн гэж дүгнэж, 2026-2030 оны менежментийн төлөвлөгөөг баталлаа. Тус менежментийн төлөвлөгөө нь цоохор ирвэс, янгир ямаа, аргаль хонь, хар сүүлт, тоорой мод зэрэг говийн экосистемийн ховор, нэн ховор зүйлсийг хамгаалах чиглэлээр боловсруулагдсан бөгөөд 5 стратегийн зорилго, 15 зорилт, 69 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан бодлогын баримт бичиг юм.

0 cэтгэгдэлтэй