Худалдан авах чадварын үзүүлэлтээр тооцсон ДНБ-ий хэмжээгээр ОХУ хоёр жил дараалан дэлхийн дөрөв дэх эдийн засаг болсон тухай Дэлхийн банк мэдээлжээ.
Тус банк шинэчилсэн мэдээллээ пүрэв гарагт буюу өчигдөр нийтэлсэн байна. ОХУ уг үзүүлэлтээр 2021 онд дэлхийн ДНБ-ий 3.8 хувийг эзэлж, Япон (3.7 хувь), Герман (3.4 хувь) улсуудыг ардаа орхиж, дэлхийн дөрөв дэх эдийн засаг болжээ.
2021 онд Оросын худалдан авах чадварын үзүүлэлтээр тооцсон ДНБ-ий хэмжээ 5.7 их наяд ам.доллар, Японых 5.6 их наяд ам.доллар, харин Герман улсынх 5.2 их наяд ам.доллар байсан байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Орос улс энэ байр сууриа хадгалжээ. Оросын эдийн засаг 2022 онд 6 их наяд ам.долларт хүрч өссөн бол өнгөрсөн онд 6.45 их наяд ам.доллар болсон байна. Харин Японы ДНБ 5.9 их наядаас 6.3 их наяд ам.доллар, Германы ДНБ 5.5 их наядаас 5.9 их наяд доллар болж тус тус өсжээ.
2021-2023 онуудад худалдан авах чадварын үзүүлэлтээр тооцсон эдийн засгийн хэмжээгээр Хятад улс тэргүүлж байна. Тус улсын ДНБ өнгөрсөн онд 35 их наяд ам.долларт хүрчээ. Хоёрдугаарт АНУ 27.4 их наяд ам.долларын үзүүлэлтээр орсон бол гуравдугаарт ДНБ нь 14.6 их наяд ам.долларт хүрсэн Энэтхэг улс бичигдэв.
2022 оны сүүлээр Дэлхийн банкнаас мэдээлснээр, ОХУ дэлхийн тав дахь том эдийн засаг болж, Германыг ардаа орхижээ. Гэхдээ худалдан авах чадварын үзүүлэлтээр тооцсон ДНБ-ий хэмжээг тооцохдоо 2017 оны мэдээлэлд үндэслэсэн бол шинэчилсэн мэдээллийг гаргахдаа 2021 оны мэдээллийг ашигласан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улс орноо дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай орон болох зорилтыг тавьж, 2025 оны гуравдугаар сарын 31-ний дотор энэ зорилтод хүрэх арга хэмжээг боловсруулахыг Засгийн газрын газарт даалгасан юм.
0 cэтгэгдэлтэй