МОНГОЛ УЛСТАЙ ОРОСЫН 60 ГАРУЙ БҮС НУТАГ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

newslifemn 35 минутын өмнө

Орос, Монголын бүс нутгийн II форумын дүнг саобар бүрт дараах байдлаар нэгтгэн дүгнэжээ.

ТЭЭВРИЙН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ХЭМЖЭЭГЭЭР ШИНЭ АМЖИЛТУУД ТОГТООВ

 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Орос, Монголын бүс нутгийн II форум энэ сарын сүүлчээр амжилттай болж өндөрлөлөө. Тус форумд хоёр улсын төрийн байгууллага, бизнес, шинжээчдийн төлөөлөл, ОХУ-ын 8 бүс нутгийн удирдлагууд оролцжээ. Тухайлбал, тус форумд ОХУ-ын Алтайн хязгаар, Өвөр Байгалийн хязгаар, Алтайн Бүгд Найрамдах Улс, Буриадын Бүгд Найрамдах Улс, Эрхүү, Ленинград, Томск муж болон Санкт-Петербург хотын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна. Монголын талаас 10 аймгийн төлөөлөл ирж оролцжээ. Форумын хүрээнд “Тээврийн харилцан уялдаа холбоо ба хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн тээврийн коридорын хөгжилд Монгол, Оросын бүс нутгуудын гүйцэтгэх үүрэг”, “Орос, Монголын бүс нутгуудын спортын хамтын ажиллагаа” зэрэг хэд хэдэн салбар хуралдаан зохион байгуулагдлаа. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Алексей Оверчук форумын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улс нь ОХУ-ын худалдааны чухал түнш бөгөөд бие даасан зах зээл, транзит улс, түүхэн ойр хөршийн хувьд онцгой ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ. Тэрээр хоёр улсын худалдааны эргэлт тогтвортой өсөж байгааг онцоллоо. 2025 оны дүнгээр худалдааны нийт хэмжээ 4 хувиар өсөж, 2.69 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар 18 хувиар нэмэгдэж, 1.58 тэрбум ам.долларт хүрчээ.

Алексей Оверчук мөн энэ оны долдугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Монгол Улсын хоорондын Түр худалдааны хэлэлцээр нь хоёр талын худалдааны харилцааг цаашид нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг мэдээлэлдэн дурьдлаа. Тус хэлэлцээр хэрэгжсэнээр Монголын экспортын гол сонирхол болсон ноос, ноолуур, арьс шир, мах зэрэг бүтээгдэхүүнийг 190 сая орчим хэрэглэгч бүхий Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд гаалийн татваргүй нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн хоёр улсын худалдаанд тарифын бус зохицуулалт, техникийн зохицуулалт, ариун цэвэр, мал эмнэлгийн хяналт болон гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг онцгойлон авч үзсэн байна. “Орос, Монголын хоёр талын хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байна” гэдгийг Алексей Оверчук онцлон тэмдэглэлээ. ОХУ-аас Монгол Улсад шатахуун, түлш, тос тосолгооны материал нийлүүлж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг тээвэрлэлтийн хэмжээгээрээ шинэ дээд амжилтууд тогтоож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа төдийгүй Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын дагуух ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлж байна гэсэн юм.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, АГААРЫН ТЭЭВРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Аялал жуулчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны өсөлтийн нэг чиглэл болж байгааг ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд мөн онцлон дурьдаж байна. Хоёр улсын хооронд зорчсон жуулчдын харилцан урсгал бараг 500 мянгад хүрсний 95 хувь нь автомашинаар зорчжээ. Талууд Монголын түншүүд болон агаарын тээврийн компаниудтай хамтран хоёр улсын хотуудын хоорондын агаарын тээврийг хөгжүүлэх, тэр дундаа Москва–Улаанбаатарын шууд нислэгийг сэргээх боломжийг хэлэлцэж байна. Мөн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Их цайны зам” төслийн хүрээнд хамтарсан аяллын маршрутыг хөгжүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-ын 19 бүс нутаг уг төслийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. БОЛОВСРОЛ, ХҮМҮҮНЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛНЭ Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Засгийн газар 2026-2027 оны хичээлийн жилд Монголын оюутнуудыг ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцуулах 620 улсын тэтгэлэгт сургалтын байр хуваарилжээ. Оросын тал Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлний сургалтыг бэхжүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Монголын талын зүгээс дэмжлэг үзүүлэх, тэр дундаа Улаанбаатар хот дахь Орос, Монголын хамтарсан сургуулиудын үйл ажиллагааг дэмжих талаар харилцан алхам хийнэ гэжгэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

ОРОСЫН 60 ГАРУЙ БҮС НУТАГ МОНГОЛТОЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Форумын үеэр сүүлийн жилүүдэд хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа чанарын шинэ шатанд гарч, худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж байгааг онцоллоо. Өнөөдрийн байдлаар ОХУ-ын 60 гаруй бүс нутаг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна. Хоёр улсын хил 3485 километр үргэлжилдэг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн урт тасралтгүй хуурай газрын хилийн нэг юм. Газар зүйн энэхүү ойр байршил нь бүс нутаг хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал суурь болж байна. 2025 онд Эрхүү хотноо зохион байгуулагдсан Орос, Монголын бүс нутгийн анхдугаар форум нь хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг системтэй хөгжүүлэх эхлэлийг тавьсан юм. Форумын дүнгээр 2026–2030 онд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр батлагдсан нь хоёр улсын бүс нутгийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх чухал баримт бичиг болсон байна.

БҮС НУТАГ ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД БОДИТ ҮР ДҮНГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

Форумын үеэр мөн 2026-2030 онд бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг бүрдүүлж, бүс нутгууд хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулан, худалдаа, эдийн засгийн чиглэлээр хэд хэдэн арилжааны баримт бичигт гарын үсэг зурлаа. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Алексей Оверчук бүс нутаг хоорондын амжилттай хамтын ажиллагааны жишээ болгон Брянск мужийг нэрлэв. Брянскийн машин үйлдвэрлэлийн үйлдвэр Улаанбаатарын төмөр замд маневрын зүтгүүр нийлүүлсэн бөгөөд өнөөдөр тус төмөр замын зүтгүүрийн паркт Брянскт үйлдвэрлэсэн 20 гаруй зүтгүүр ажиллаж байна. Мөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын магистраль зүтгүүр Улаанбаатарын төмөр замаар 108 вагонтой ачааны галт тэргийг тээвэрлэж, уртаараа рекорд тогтоосон байна. Түүнчлэн Монгол Улсад инженерийн боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэр оруулж буй Санкт-Петербург хотын Императрица Екатерина II-ийн нэрэмжит Уул уурхайн их сургуулийн үйл ажиллагааг онцлон тэмдэглэв. 2026 оны эхний есөн сарын хугацаанд хоёр улсын бүс нутаг хамтран бараг 30 арга хэмжээг зохион байгуулжээ. “Эдгээр арга хэмжээ нь тодорхой үр дүнд хүргэж, Орос, Монголын үйлдвэрлэгчид харилцан зах зээлээ эзэмшихэд илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах нь чухал” гэдгийг Шадар сайд Алексей Оверчук хэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр хэлэлцээрийн давуу талыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт болон бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов Буриадын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны талаар танилцуулж, тус бүс нутгийн олон бүтээгдэхүүн Монголын зах зээлд хэдийнэ эрэлттэй болсныг онцоллоо. Тэрбээр цаашид Буриадын үйлдвэрлэгчдийн Монголын зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, шинэ түншүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв. Иркутск мужийн захирагч Игорь Кобзев форумын үр дүнд тус мужийн аж ахуйн нэгжүүд 680 сая гаруй рублийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар мэдээлэв. Талууд Монголоос махан бүтээгдэхүүн, тэр дундаа махан консерв нийлүүлэхээр тохиролцсон бол Эрхүү мужаас шилмүүст модны суулгац болон барилгын материал нийлүүлэхээр төлөвлөжээ. Мөн ачаа тээвэр болон дилерийн үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг тодорхойлсон байна. Эдгээр ажлыг ОХУ-ын “Олон улсын хамтын ажиллагаа ба экспорт” үндэсний төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. ОХУ-ын Боловсролын дэд сайд Андрей Корнеев Монгол Улс орос хэлийг боловсролын хөтөлбөртөө тусган хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр ОХУ-аас Монгол Улсыг сурах бичиг, багш, боловсон хүчнээр хангах, багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг онцоллоо.

УЛААНБААТАР ХИЙН ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Форумын үеэр Улаанбаатар хотын хийжүүлэх асуудлыг мөн энэ үеэр өргөн хүрээтэй хэлэлцлээ Улаанбаатар хотын Засаг дарга Бяруузанын Пүрэвдагва нийслэл хийн түлшний хэрэглээнд шилжиж байгаа бөгөөд энэ хүрээнд ОХУ-аас нийлүүлж буй шингэрүүлсэн хийг ашиглаж байгааг мэдээлэв. Түүний хэлснээр уг хөтөлбөр нь утааны эрчмийг 10–12 хувиар бууруулахад дэмжлэг үзүүлэх бөгөөд “ногоон бүс”-ийн таван дүүргийн 51 мянга гаруй өрхийг хамруулж байна.

ЧИТА-МОНГОЛЫН ТШМООХОН ХОТУУДЫН ХООРОНД ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛНЭ

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарын Төлөвлөлт, хөгжлийн сайд Виталий Эскузян Монголын талтай хийсэн хэлэлцээний үеэр Чита хот болон Монгол Улсын төвийн хотуудын хооронд олон улсын агаарын тээврийн харилцааг нээх сонирхлоо илэрхийлэв. Хэлэлцээний үр дүнд уг асуудлыг цаашид нарийвчлан судлах чиглэлээр Монгол Улсын Зам, тээврийн яаманд албан үүрэг, чиглэл хүргүүлэхээр талууд тохиролцжээ. Ийнхүү Орос, Монголын бүс нутгийн II форум нь хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээвэр, аялал жуулчлал, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг бүс нутаг хоорондын түвшинд өргөжүүлж, тодорхой төсөл, гэрээ, хэлцлээр бодит үр дүн гаргах чиглэлийг тодорхойлсон байна.