ОХУ-ын Улаан Үд хот дахь Монгол Улсын Ерөнхий консул Ц. Ганхуяг “Чита хот үүсэж байгуулагдсан тэмдэглэлт өдөр”-рийн арга хэмжээнд оролцох үеэрээ Монгол, Оросын харилцаа, түүхэн хамтын ажиллагаа болон ирээдүйн эдийн засгийн түншлэлийн талаар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийллээ.
Ц. Ганхуяг: Монгол, Оросын харилцаа түүхэн дурсамжаас
эдийн засгийн шинэ түншлэл рүү шилжиж байна
Тэрбээр “Орос, Монгол хоёр улс мөнхийн хөршүүд, мөнхийн нөхөрлөлтэй ард түмэн. Орос улс бол Монгол Улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон орон. Хүнд цаг үед ч бид үргэлж халуун сэтгэлээр тусалж дэмжиж ирсэн. Энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой тохиож байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэх хүртэл Зөвлөлт Холбоот Улс Монголын хамгийн найдвартай түнш байсан” гэдгийг дурдсан юм.
Мөн тэрээр “Халхын голын байлдааны үед Чита хотоос олон цэрэг Монголд туслахаар ирж, хүнд цаг үед бидэнд халуун сэтгэлийн туслалцаа үзүүлж байлаа. Дэлхийн II дайны үед ч Монголын ард түмэн ЗХУ-д бүхий л боломжоороо тусалж байсан түүхтэй. Монголчууд бидний тэр цаг үеийн тусламж дэмжлэгийг хүн амын тоотой харьцуулбал Монголын үзүүлсэн тусламж фашизмын эсрэг тэмцэлд маш өндөр хувь нэмэр болсон” гэдгийг тэрээр онцоллоо.
Түүнчлэн монголчууд “Хүнд цаг үед нөхрийн чанар танигддаг” хэмээн ярьдаг. Монгол, Орос хоёр орны хамтын нөхөрлөл, түүхэн харилцаа одоо ч бас олон салбарт өргөжин хөгжсөөр байна. Бид найрамдалт харилцаатай, мөнхийн хөрш орнууд” гэсэн юм.
Жуковын дурсгалыг Монголд хүндэтгэн хадгалсаар байна
Улс орны геополитикийн байдлаас үүдэн Европын зарим улс оронд Зөвлөлтийн дайчдын дурсгалт хөшөөнүүдийг буулгах, “хөшөөний дайн” өрнөж буй талаар ярихдаа Ц.Ганхуяг Монгол Улс одоо ч хоёр улсын түүхийг хүндэтгэсэн, хөшөө дурсгалыг хүндэтгэн хадгалж ирснийг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод ЗХУ-ын маршал Георгий Жуковт зориулсан хоёр хөшөө болон музей ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан байна.
ОХУ-ын Чита Монгол Улстай тээвэр ложистикийн хамтын ажиллагаатай хот
Монгол Улсын Ерөнхий консул Ц.Ганхуягийн хэлснээр Чита хот нь зөвхөн “Хөдөлмөрийн гавьяаны хот” төдийгүй Алс Дорнодын ирээдүйн ложистикийн чухал төв болох боломжтой гэдгийг тэрээр онцолсон юм. Учир нь, Монголын гурван аймаг Чита хоттой нягт хамтын ажиллагаатай бөгөөд энэ оны эцэс гэхэд Хэнтий аймаг болон Забайкальскийн хязгаар хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг тэрээр мэдээллээ.
Мөн Монгол, Орос хоёр төмөр замын коридороор дамжин Хятадтай холбогдох стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд ачаа эргэлтийг жилд 20 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг дурдьдсан юм.
Форум, соёлын арга хэмжээнүүд үргэлжилж байна
Чита хотод ажиллах хугацаандаа Ерөнхий консул бүс нутгийн удирдлагуудтай хэд хэдэн уулзалт хийж, энэ оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Орос, Монголын бүс нутгийн II форум болон хоёр улсын ректоруудын II форумын бэлтгэл ажлын талаар ярилцсан байна.
Түүнчлэн Монгол, Оросын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд хоёр улсад үргэлжилж байна. Тухайлбал, 2026 оны гуравдугаар сард Эрхүүгийн Зам тээврийн их сургуульд Зөвлөлт, Монголын ард түмний 1939-1945 оны хамтын тэмцэлд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн бол дөрөвдүгээр сарын 15-нд ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд олон улсын залуу монгол судлаачдын III бага хурлыг зохион байгуулаад байна.
Мөн 2026 оны тавдугаар сард Эрхүү мужийн филармонид “Найрамдлын симфони: Орос- Монгол”-ын уран бүтээлчдийн хамтарсан соёлын тоглолт зохион байгуулагдаж, хоёр орны консерватори болон хөгжмийн коллежийн оюутнууд өргөн хүрээтэй оролцсон юм.
Өнөөдөр Монгол, Оросын хамтын ажиллагаа эдийн засаг, улс төр, соёл, боловсрол зэрэг хүмүүнлэгийн олон салбарт өргөжин тэлсээр байна. Тухайлбал, 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт өссөнөөс гадна Евразийн эдийн засгийн холбоо болон Монгол Улсын хооронд Түр худалдааны хэлэлцээр байгуулсан нь хамтын ажиллагааны шинэ үеийг нээж байна хэмээн эдийн засаг, бизнесийн салбарынхан дүгнэж байна.

0 cэтгэгдэлтэй