Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдөр болдог. Энэ жил “Тиймээ! Бид сүрьеэг устгаж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сүрьеэ нь дэлхий дахинд Ковид 19-ийн дараах нас баралтад хүргэж буй хоёр дахь гол халдварт өвчин болж байгаа бөгөөд манай улсын хувьд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд ордог байна. Сүрьеэ өвчний улмаас өдөр бүр 4000 гаруй хүн амь насаа алдаж, урьдчилан сэргийлэх боломжтой энэхүү өвчнөөр 30 000 орчим хүн өвчилж байгаа харамсалтай тоог мэргэжлийн эмч хэлж байлаа.
СТСА-ны статистикч эмч Б.Уранчимэг, “Өнгөрсөн онд улсын хэмжээнд 2,354 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба үүний 174 нь хүүхэд байсан. Сүрьеэгээр өвчлөгсдийн 60 хувь нь 15-44 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байна. Уг өвчний улмаас жил бүр дунджаар 2,800 хүн хөдөлмөрийн чадамжаа алдаж байдаг. Сүрьеэ өвчнийг манай улс 90 хувь эмчилж, эдгэрүүлж байна. Сүрьеэ өвчин эдгэрдэг өвчин хэдий ч бид жил болгон 200 хүнээ сүрьеэгээр алддаг. Эдгээр хүмүүсийн ихэнх нь хожуу илрүүлсэн, өвчнөө хүндрүүлсэн хүмүүс байдаг гэв.
Үндэсний хэмжээнд сүрьеэгийн оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмж, шинэ эм, эмчилгээний горимуудыг цаг алдалгүй нэвтрүүлж сүрьеэгээс урьдчилан сэргийлэх эмчилгээ илүү өргөжжээ. Гэсэн хэдий ч нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, ажилгүйдэл, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж, хөрөнгө оруулалт, санхүүжилт, хүн амын эрүүл мэндийн боловсрол, зөв дадал, хандлага, ялгаварлан гадуурхалт зэрэг олон шалтгаан нөхцөлийн улмаас сүрьеэ өвчний дарамт байсаар байгаа талаар онцолж байсан юм.
0 cэтгэгдэлтэй