Зам тээврийн осол бол гэнэтийн үхэл харин тамхи бол төлөвлөсөн үхэл

newslifemn 3 цагийн өмнө

Өдөр бүр дэлхий дээр тамхинаас болж 20,000 гаруй хүн нас бардгийг та мэдэх үү? Энэ нь нэг хот бүхэлдээ өдөр бүр алга болж байгаа гэсэн үг. Харин Монгол Улсад жил бүр 2,000 гаруй хүн тамхитай холбоотой өвчнөөр нас бардаг. Энэ тоо автомашины ослоор амиа алддаг хүмүүсийнхаас хэд дахин өндөр гэдгийг бид анзаарахгүй өнгөрдөг. Зам тээврийн ослоор жилд хэдэн зуун хүн амь насаа алдаж байгаа талаар мэдээнээс сонсож цочирдон хүлээж авдаг. Гэтэл өнөөдөр тамхинаас болж хэдэн хүн нас барлаа гэсэн мэдээлэл төдийлөн гардаггүй. Тиймээс чимээгүй осол болсон тамхины талаар сонсоод цочирдон хүлээж авдаггүй гэсэн үг.

Ямартаа л тамхины хайрцаг дээр “Тамхи таны амь насыг богиносгодог”,  “Тамхи уушгийг гэмтээж, хорт хавдар үүсгэдэг”,  “Тамхи таны хүүхдэд хор хөнөөлтэй”, “Тамхи татах нь таны болон таны эргэн тойрныхны эрүүл мэндэд хортой” гэх мэт аймшигтай зурагтай сэрэмжлүүлэг байдаг ч төдийлөн тоодоггүй. Гэтэл статистик хэлж байна.

Монголд жилд ойролцоогоор 500 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг бол тамхины хэрэглээнээс үүдэлтэй зүрх судас, уушги, хавдрын өвчлөлөөр жил бүр 2000 гаруй хүн нас барж байна. Өөрөөр хэлбэл, өдөр бүр дөрвөн хүн ‘чимээгүй осолд’ өртөж, хэн ч анзааралгүй утаан дунд алга болдог гэсэн үг юм. Тэгэхээр тамхинаас үүдэлтэй өвчлөл, нас баралт зам тээврийн ослоос хэд дахин илүү гэдэг нь харагдаж байна. Хамгийн харамсалтай нь тамхи бол чимээгүй осол гэдгийг хэн ч мэддэггүй.

Тамхи-зөвхөн тамхичны асуудал биш

Тамхичид зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй, эргэн тойрон дох хайртай бүхнээ давхар хордуулдаг. Тамхины хор зөвхөн тамхичны биед шингэдэггүй. Хоёрдогч утаа нь ойролцоо байгаа хүн бүрийн биеийг хордуулдаг. Ээжийн татсан утаа хүүхдийн уушгинд, нөхрийн татсан утаа эхнэрийн цусанд, найзын татсан утаа хамт сууж буй найзын биед нэвтэрдэг.

ДЭМБ-ын судалгаагаар, дэлхий даяар жил бүр 1.3 сая хүн “хоёрдогч утаанд” өртөж нас бардаг гэсэн тоо бий. Тэд тамхи татдаггүй, харин хэн нэгний утаанд амьдарч, тэднээс болж эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаа, “Тамхи нь жилд найман сая хүний аминд хүрдэг бөгөөд эдгээр нас баралтын таван сая гаруй нь тамхины хэрэглээнээс шууд үүдэлтэй бол 600 мянга гаруй нь тамхи татдаггүй хүмүүс дам тамхидалтад өртсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байсан. Үүнийг ДЭМБ-аас ч баталдаг” гэжээ

Хэлбэрдэхийн дон ба вейпэд дурлагсад

Янжуур тамхины хажуугаар хоргүй нэртэй хорт тамхи вейп буюу электрон тамхи хүч түрэн орж ирж байна. “Утаа гаргадаггүй, хоргүй”, “зүгээр л үнэртэй уур”, “тамхинаас хамаагүй аюулгүй” гэх суртал ухуулга дор энэ шинэ төрлийн тамхи залуусын дунд галзуу хурдаар түгэж байна. Гэтэл энэ утаагүй тамхины ард ямархуу аюул нуугдаж байна вэ.

Залуус ч аюул гэж хүлээж авахаасаа илүүтэй хэлбэр, зиндаархал үүсгэж гоё харагдах гэж вейп татах нь бий. Хаа сайгүй энд тэнд электрон тамхи татах залуусыг олон харах болсон. Тэд “Cool” харагдах, “оролцож буй” мэт мэдрэмж авах, “хөгжилтэй, загварлаг” гэдэг дүр төрх бүрдүүлэхийн тулд вейп татаж байна гэхэд хилсдэхгүй болов уу. Гэтэл энэ бүхний ард тэд занганд орж хохирч үлддэг. Электрон тамхи татах загварлаг хэлбэрдэлтийн ард  донтох эрсдэл, эрүүл мэндийн хор уршиг, хамгийн гол нь өөрийгөө хуурч буй сэтгэлзүйн зөрчил оршдог.

Вэйп буюу электрон тамхи татагчдын тоо сүүлийн 5 жилд олон улсын хэмжээнд 400 хувиар өссөн байна. Монголд ч ялгаагүй энэ тоо өссөөр байгаа нь харамсалтай. Тэрдундаа өсвөр насны хүүхдүүд ихэд донтож байгаа нь бүр ч харамсалтай. Тэд хичээлийн завсарлагаанаар, автобусны буудал дээр, бүр анги дотор хүртэл вейп татаж буй сурагчдыг бид өдөр бүр харж байна.

Үнэндээ электрон тамхи нь үндсэндээ никотин, пропилен гликол, глицерин, үнэр оруулагч бодисууд зэрэг химийн хольц бүхий шингэнийг цахилгаанаар ууршуулж татдаг төхөөрөмж юм. Зарим хэрэглэгч “никотингүй” гэж бичсэн вейп хэрэглэдэг гэж итгэдэг ч судалгаагаар тэдгээрийн олонх нь никотины ул мөр агуулдаг болох нь нотлогдсон.

Хамгийн ноцтой нь электрон тамхины хоргүй уур хэмээгч хор нь залуусын тархины хөгжилд сөрөг нөлөөтэй болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анхааруулж байна. Тэрбайтугай электрон тамхинд орших уурт формальдегид, ацетальдегид, бензол зэрэг хорт хавдар үүсгэгч нэгдлүүд агуулагддаг байна.

Монгол Улсын батлан хамгаалах зардлаас 3 дахин их хэмжээний мөнгийг тамхинаас үүдэлтэй өвчлөлд зарж байна

Энэ бүхнээс харахад тамхи ямар их аюулыг дагуулдаг гэдэг нь харагдаж байна. Цөөхөн хэдэн өнцгийг харуулахад ийм байна. Бид тамхи татаад зөвхөн өөрсдийгөө хордуулж байна гэж боддог бол хажууд байх хайртай бүхнээ хордуулж үхэл рүү нь түлхэж, тэрбайтугай улсынхаа эдийн засагт ч хохирол учруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тамхинаас шалтгаалсан өвчлөл болон нас баралтын улмаас Монгол Улсын эдийн засагт 857 тэрбум төгрөгийн зардал гарч байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 2.3%-ийг эзэлж байна. Энэ нь манай улсын батлан хамгаалах зардлаас 3 дахин их хэмжээний мөнгө юм.

Тамхи тариалалтад зориулж жил бүр 200,000 га талбайг сүйтгэн 600 сая модыг тайрч, 22 тэрбум литр ус зарцуулж байгаа нь хүн амын, эмзэг бүлгийн хүн амын ундны усны нөөцийг барагдуулж байдаг тоон баримт байдаг. Энэ бүхнээс харахад бид тамхинаас татгалзах цаг аль хэдийн болжээ.