Өмнөговь: Хүүхдийн амьдрах эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллана

newslifemn 2026-03-12

Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас санаачлан эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хамтдаа шалгая, хамгаалъя” аяныг энэ сарын турш зохион байгуулна.

Аяны хүрээнд нийтийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн гаднах талбайд хүүхдийн тоглох орчны аюулгүй байдал, эрүүл ахуй, стандартын шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавин ажиллаж байна.

Эцэг эх, асран хамгаалагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны эрсдэлийг үнэлж, үнэлгээнд үндэслэн ахуйн хүрээний болон орчны эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар зорьж байна. Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан хүүхэд багачууд гадаа талбайд ихэнх цагаа өнгөрүүлдэг нь ахуйн осол, гэмтэлд өртөх олон эрсдэлийг дагуулдаг. Тиймээс тус ажлын баг сургууль, цэцэрлэг, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад хүсэлт хүргүүлж, орчны аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хамтран ажиллахыг уриаллаа.

Өнөөдрийн байдлаар хяналт шалгалтын үеэр 18 зөрчил илэрч, менежментийн баг холбогдох байгууллагад мэдэгдэл хүргүүлэн аюулгүй байдлыг хангах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулжээ. Тэдний оролцоотойгоор аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэн ажиллаж байна.