Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас охидын эрүүл мэнд, бэлгийн боловсрол, эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөгт Зуунмод сумын Политехникийн коллеж болон ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй охин оролцож байна.
Өдөрлөгөөр охидод зориулсан сургалт, зөвлөгөө, өртөөчилсөн үйл ажиллагаа зохион байгуулж, эрүүл мэндийн мэдээлэл хүргэж байна. Тухайлбал, өсвөр насны жирэмслэлтээс үүдэх эрсдэл, бэлгийн бойжилт, ариун цэврийн хэрэгслийг зөв сонгож хэрэглэх талаар мэдээлэл өгчээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2011 онд жил бүрийн аравдугаар сарын 11-нийг Олон улсын охидын өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрийг 2012 оноос тэмдэглэж эхэлсэн юм. Уг өдрөөр охидын эрхийг хамгаалах, тэдэнд тулгарч буй асуудлыг олон нийтэд таниулах, боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн боломжийг нь дэмжихэд анхаардаг.
Төв аймгийн охидын эрүүл мэндтэй холбоотой статистик мэдээллээс үзвэл, 2021 онд 51, 2022 онд 26, 2023 онд 31, 2024 онд 30, 2025 онд 39 охин амаржсан бол 2026 оны эхний найман сарын байдлаар 18 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн 2025 онд 15 настай хоёр хүүхэд амаржсан байна.
Үр хөндөлтийн тоо 2021 онд 76, 2022 онд 121, 2023 онд 61, 2024 онд 94, 2025 онд 132 байсан бол 2026 оны эхний найман сарын байдлаар 87 тохиолдол бүртгэгджээ.
Бэлгийн замаар дамжих халдварын бүртгэгдсэн тохиолдол 2021 онд 21, 2022 онд 25, 2023 онд 39, 2024 онд 35, 2025 онд 38 байсан бол 2026 оны эхний найман сарын байдлаар 34 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Охидын эрүүл мэнд, эрхийг хамгаалахад насанд нь тохирсон эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөгөөг хүртээмжтэй хүргэх нь чухал юм.

0 cэтгэгдэлтэй