Өмнөговь аймгийн Ханбогд сум шинэ цагдаагийн тасагтай боллоо

newslifemn 2026-04-30

Өмнөговь аймгийн цагдаагийн газрын Ханбогд сумын цагдаагийн тасгийн шинэ байрны нээлт боллоо. Цагдаагийн тасгийн шинэ байрны нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн Ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Эрдэнэ-Өрнөх, аймгийн Засаг дарга Н.Энхбат, Ханбогд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Идэрзориг, Ханбогд сумын Засаг дарга М.Цэвээнравдан, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор орон нутгийн 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 45 албан хаагч ажиллах хүчин чадалтай байрыг барьж ашиглалтанд орууллаа.
Тус байр нь Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр суурилуулсан 197 ухаалаг камерын хяналтын нэгдсэн төвийг багтаасан бөгөөд бялдаржуулах танхим, амралтын өрөө, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчин үеийн цогцолбор байр юм.
Мөн аймгаас Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цэргийн байгууллага буюу босоо тогтолцоотой байгууллагуудыг дэмжин ажиллаж, шаардлагатай төсвийг батлан ажлын байрыг шинээр бий болгох, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллаж байна.