Ж.Батжаргал: Түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй

newslifemn Өчигдөр

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.15/ хуралдаанаар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Тайланг ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн /бүрэн эхээр нь эндээс// танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, нийт 71,452 иргэн гарын үсэг зурснаар нийтийн сонсгол хийх эрх зүйн орчин бүрдсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 2024.12.19-ний өдрийн 7 дугаар тогтоолоор агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, бүрэлдэхүүнд нь Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Д.Цогтбаатар, С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Бат-Эрдэнэ, А.Ганбаатар, Г.Ганбаатар, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаясгалан, З.Мэндсайхан, Б.Найдалаа, А.Ундраа, Б.Уянга, О.Саранчулуун нар ажилласан гэв.

Ажлын хэсгийн ахлагч Ерөнхий хяналтын сонсголын нэгдсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Уг дүгнэлтэд:

1.Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой хүн амын эрүүл мэнд, амь насанд угаартах аюул учирсаар байх тул угаарын хий мэдрэгчийг айл бүхэнд байршуулах, “Таван толгой” түлш ХХК, Нийслэлийн засаг даргын тамгын газраас айл бүрийн эрсдэлийг үнэлж, арилгах;

2.Эрүүл мэндийн яамны зүгээс агаарын бохирдолд өндөр эрсдэлтэй, эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэнд, угаартаж амь насаа алдсан нийт хүн амын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс сэргийлэх, хамгаалах ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах;

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо цаашид утаа, агаарын бохирдлыг бууруулах дэд хороог байгуулах, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх;

4.Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох үйл ажиллагааг явуулах;

5.Цаашид нийслэлийг хатуу түлшний хэрэглээнээс гаргаж хийн болон бусад төрлийн түлшний хэрэглээнд нэвтрүүлэхдээ ахуйн орчин нөхцөлд нь эрсдэлийн болон өртөг, үр ашгийн үнэлгээг хийсэн байхад анхаарах;

6.Гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, дулаалгын шинэ технологи нэвтрүүлж буй аж ахуйн нэгжүүдийн дунд чөлөөт өрсөлдөөн бий болгох чиглэлээр үе шаттай арга хэмжээг салбарын яамны зүгээс авч хэрэгжүүлэн мөрдүүлэх;

7.Орон нутаг бүр агаарын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах, хүн амыг агаарын бохирдлоос хамгаалах төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх;

8.Салбарын яамны зүгээс орон нутагт агаар бохирдуулагч бүрийг хэмжих чадавхыг бий болгож, хатуу түлшний хэрэглээг халах шаардлагатай талаар дурдсан байлаа.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан гишүүн Ц.Идэрбат, Л.Мөнхбаясгалан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, П.Батчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, гишүүн Ц.Идэрбат, Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгагдсан угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүрд байршуулах, тогтмол ажиллагааг хянах зэрэг хувь хүний хариуцлагатай холбоотой зүйлийг тусгах нь зүйтэй эсэх, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох санхүүгийн боломж нөөц хэр байгааг,  гишүүн Л.Мөнхбаясгалан, иргэдийн амь насанд халтай угаарын хий гаргадаг түлш үйлдвэрлэх, мэдрэгчийг айл бүрд байршуулах зэрэг бизнесийг дэмжсэн ажлыг Байнгын хорооны тогтоолд тусгасан шалтгааны талаар тодруулж, хариулт авсан. Түүнчлэн  гишүүн Ц.Мөнхбат нийслэл Улаанбаатар хот утаагүй өвөлжсөн тохиолдлууд бий. Өнөөдөр агаарын бохирдол ихэссэн шалтгааныг хяналтын сонсголоор хэрхэн дүгнэснийг тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн гишүүн хариултдаа, 2019-2021 оны өвөл агаар цэвэрхэн байсан шалтгаан нь нийслэл Улаанбаатар хотын томоохон уурын зуухуудад хатуу хяналттайгаар түүхий нүүрс оруулсныг эс тооцвол бусдаар түүхий нүүрс хэрэглэхийг хатуу хориглосон. Мөн барьцалдуулагчдаа тааруулан шахмал түлшний стандарт бууруулсан, түлш хатаах технологи нь өөрчлөгдсөн байсан.Түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу нэвтрүүлэхэд тавих хяналт байхгүй болсон. Түүнчлэн тухайн үед 5 мянга гаруй төрийн албан хаагчийг дайчлан өвлийн цагаар бохир утаа гаргасан айл руу очиж хяналт тавьж, түлшийг нь солиулж  байсан. Энэ нь маш том соён гэгээрүүлэх үйл ажиллагаа байлаа. Энэ бүх сайн туршлага байхгүй болсон хэмээн хариуллаа.

Гишүүн Б.Жаргалан, сүүлийн 20 гаруй жил утааг бууруулах чиглэлээрх санал санаачилгыг гаргаж, холбогдох тогтоол шийдвэрүүдийг баталсан. Гэвч утаанаас болж 779 иргэн амь насаа алдаж, 5 тэрбум төгрөгийг утааг бууруулахад зарцуулсан боловч үр дүнд хүрээгүй тул энэ удаагийн парламент манлайлал үзүүлж агаарын бохихрдлыг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахыг уриалав. Мөн гишүүн Ж.Батжаргал, түлш, хийг ашиглаж л байвал утаа гарах нь дамжиггүй. Иймд нийслэлийн утааны хүлээн зөвшөөрөх хэмжээг тогтоож, түлш, зуух, утаа мэдрэгч, яндангийн техникийн зохицуулалтыг баталж, хяналт тавихад анхаарах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Ингээд ажлын хэсгийн тайланг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл сэдэвт Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсантай холбогдуулан Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгөх нь зүйтэй  хэмээн ажлын хэсгээс үзсэн учраас Улсын Их Хурлын тогтоолын төслийг бэлтгэснийг  дурдлаа.

Төсөлд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айл бүхэнд байршуулах, тогтмол ажиллагааг хянах, уг мэдрэгч ажилласан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, агаарын бохирдлын талаарх мэдээллийг иргэдэд өдөр бүр тогтмол мэдээлэх тогтолцоог боловсронгуй болгох, зорилтот бүлэгт хүргэх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй эмзэг бүлгийн хүн ам болон нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх ажлыг нотолгоонд тулгуурлан эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан зорилтот хүн амд хүрч ажиллах, зан үйлийг нь өөрчлөх, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллах, угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоож, нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, ахуйн орчинд угаартсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох зэрэг 13 заалтыг тусгасныг Ж.Чинбүрэн гишүүн танилцуулгадаа онцлов.

Тогтоолдын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд  асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд эсвэл Шадар сайд  зэрэг салбар дундын уялдааг хангуулах  албан тушаалтнаар ахлуулах,  Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн дараагийн төслийг Засгийн газраас танилцуулах чиглэл өгөхийн зэрэгцээ, тогтоолын төсөлд дотоод орчны бохирдлын асуудлыг тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа дулаалгын нэгдсэн стандарт боловсруулах, барилгын дулаалгатай холбогдох норм, дүрмийг шинэчлэх чиглэлийг тогтоолын төсөлд тусгах нь зүйтэй гэсэн  саналуудыг хэлэв.

Ингээд Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн бэлтгэсэн тогтоолын төслийг нэгтгэн, Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгахаар боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай танилцуулахаар тогтлоо.

Мөн өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатараас 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатараас, “Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, мал сүргээ хамгаалах зайлшгүй шаардлагаар саарал чоно авласан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй”, “Энэ хуулийг 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь тус тус дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Төсөлд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолоор байгуулсан “Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг”-ийн удирдамжийг батлахаар тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.