Монгол Улс болон БНХАУ-ын хөдөө аж ахуй, мал аж ахуй, боловсролын салбар дахь солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, технологи хуваалцах, харилцан суралцах платформыг бий болгох зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууль (IMAU)-иас “Цөлжилттэй тэмцэх технологи ба аж үйлдвэрийн инновац-2026” сургалтыг Эрээн хотноо зохион байгууллаа. Тус сургалтад Монгол Улсын 8 байгууллагын 106 судлаач, мэргэжилтэн хамрагдсан юм.
Таван өдрийн турш зохион байгуулж буй сургалтад ХААИС-иас 63 төлөөлөгч оролцож байна. ӨМӨЗО-ны ХААИС-ийн эрдэмтэд говь, цөлийг хэрхэн нөхөн сэргээж буй туршлага, технологио харамгүй хуваалцаж буй энэ агшинд 1978 оноос эхэлсэн тус компанит ажил хэрхэн үр дүнгээ өгч, үр шимийг нь бүх нийтээр хүртэж эхэлснийг сонсох бахархам. Өмнөд хөрш маань цөлжилтийг сааруулах, нөхөн сэргээсэн үр дүнгээрээ дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, 1970 онд жилд дунджаар 15,6 га газар цөлжилтөд өртөж байсан бол өдгөө 8.6 га болон буурчээ. Мөн 1978-2050 он хүртэлх 3 бүлэг, 8 үе шаттай төлөвлөгөөний үр дүнд өдгөө 4610 сая га газрыг нөхөн сэргээсэн, 2160 сая га газрыг ойжуулжээ. Өнгөрсөн 40 жилд 94.3 тэрбум юанийг цөлжилтийн эсрэг элсний нүүдлийг зогсоох, нөхөн сэргээх, ойжуулахад зарцуулжээ.
Ерөнхийлөгч Ши Жиньпин 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ӨМӨЗО-ны Баяннуур хотод болсон симпозиумд оролцох үеэрээ “Гурван хойд” төслийг эхлүүлж буйгаа зарласан байна. Энэ хүрээнд ӨМӨЗО томоохон үүрэг хүлээж, өдөрт дунджаар 60 мянган му буюу 4000 га талбайг дахин нөхөн сэргээж буй аж. Тухайлбал, хоёр жилийн хугацаанд Шар мөрний сав газарт нийт 993,000 га талбай, Бээжин хотыг элсний нүүдлээс сэргийлэх зорилгоор Хорчин хошууны ойр орчмын 710,000 га, Гансу мужын 187 000 га талбайд тус тус цөлжилтөөс сэргийлэх ажлыг хийж гүйцэтгэжээ.
Цөлжилтөд дараах хүчин зүйл нөлөөлдөг байна.
- Байгалийн хүчин зүйлс: Цаг уурын таагүй нөхцөл, ган гачиг, усны нөөцийн хомсдол, хөрсний элэгдэл багтана. Мөн хөрсний чанар буюу элсэрхэг, давслаг-шүлтлэг, үржил шим багатай, ус, шим тэжээлийг хадгалах чадвар муу. Тэрдундаа хөрсний давсжилт нь ургамлын хэвийн өсөлт хөгжилтөд нөлөөлдөг гол асуудал аж.
- Хүний хүчин зүйл: Газрын нөөцийг зохисгүй ашиглах нь экологийн тэнцвэрт байдалд ноцтой хохирол учруулсаар байна. Тохиромжтой биш тариалан эрхлэлт, усны нөөцийг зохисгүй ашиглах, үйлдвэрлэлийн бохирдол орно.
- Экологийн хүчин зүйлс: Экосистемийн бүтэц нь энгийн бөгөөд голчлон бэлчээр, цөл, ой модноос бүрддэг. Экосистем нь эмзэг бөгөөд дээрх хүчин зүйлээс үүдэн биологийн олон янз байдал буурч байна.
Цөлжилтийг бууруулахын тулд дараах 6 зүйлд гол анхаарал хандуулах хэрэгтэй.
- Элсэрхэг бүс нутгийн стрессд тэсвэртэй ургамлын үрийн нөөцийг цуглуулах, үржүүлэх, хамгаалах;
- Бичил биетний нөөцийн судалгаа хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, орон нутгийн уур амьсгал, хөрс, гидрологи болон бусад байгалийн нөхцөлд дасан зохицсон уугуул мод, өвсний төрөл зүйлийг сонгох;
- Цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах-шинэ технологи, тоног төхөөрөмжийн нэвтрүүлэх, дэмжих, хүчтэй салхины хамгаалалт, модны бэхэлгээ, ургамлын төрөл зүйл, хөрс, усыг хамгаалахын зэрэгцээ нүүрстөрөгчийн хуримтлал, биологийн олон янз байдлыг хамгаалах;
- Бүс нутгийн экологид тохирсон технологи, загварыг бий болгох;
- Ой, хөрсний экосистемийг сэргээх, удирдах технологийг нэвтрүүлэх;
- Элсэрхэг бүс нутагт биологийн нөөцийг цогцоор нь ашиглах, нөхөн сэргээх замаар эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал гэдгийг онцлов.
Элсний нүүдлийг сааруулах, хамгаалалтын зурвас байгуулах, элсийг хөрс болгох технологи болон хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх төрөл бүрийн техник гээд манайд нэвтрүүлж болох олон технологи, арга зүйг танилцуулсан өгөөжтэй сургалт болж байна. Тус сургалтыг зохион байгуулсан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууль (IMAU)-ийн удирдлага, эрдэмтэн судлаач, багш нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.


0 cэтгэгдэлтэй