ТББХ: ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖИВ

newslifemn 45 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.05.26/-ийн хуралдаанаар 8 асуудал хэлэлцлээ. УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, батлав.
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ.
 Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн нарын 33 гишүүн 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн 2025.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нарын 4 гишүүн 2026.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх эсэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнгүй.
 Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дараагийн хуралдаан хүртэл хойшлуулав.
Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж гишүүдийн олонх үзлээ.