Төв: “Иргэдээ сонсъё” аяны хүрээнд иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өглөө

newslifemn 2025-04-6

Төв аймгийн ИТХ-ын ажлын албанаас бүх сумдадаа очиж иргэдтэйгээ уулзах “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяныг Алтанбулаг суманд хийлээ.
Төв аймгийн Алтанбулаг сум нь анх 1936 онд Бор-Өндөр уулын Даржаалангийн жасын суурин дээр Бор-Өндөр нэртэйгээр байгуулагдсан. Хуучнаар богдын их шавийн отог. Одоогийн Алтанбулаг сум нь 1959 онд байгуулагдсан. Сумт, Аргал, Алтан-Овоо, Замт гэсэн засаг захиргааны 4 багтай. 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1018 өрхийн 3175 хүн амтай, 237325 толгой мал тоолуулсан.
Алтанбулаг суманд төр, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлээр төвлөрсөн халаалтад холбогдож, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 13.7 км хатуу хучилттай авто зам, спорт заал, аймаг, сумын хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэнээс гадна сум орон нутаг өөрсдийн нөөц боломжоо ашиглан орон нутагт шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаа юм байна.
Төв аймгийн ИТХ-ын Ажлын албанаас зохион байгуулж буй “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” арга хэмжээний хүрээнд сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдээс асуулт санал авч, салбарын мэргэжилтнүүд холбогдох мэдээ мэдээлэл өгч, Монголын өмгөөлөгчдийн холбооны Төв аймаг дахь салбар зөвлөлөөс иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өглөө.