Утааны асуудал нь хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үндэсний ирээдүйг сүйрүүлж байна

newslifemn 3 цагийн өмнө

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлэг салбарын эрдэмтэн, судлаачдын илтгэлээр үргэлжилсэн.

“Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн чиглэлээр хийгдсэн судалгааны тойм” сэдвээр анагаах ухааны доктор, судлаач А.Энхжаргал илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, Монгол Улс болон олон улсын судлаачдын судалгааны үр дүнгээс танилцуулсан бөгөөд 1990 оноос хойш монголын судлаачид  болох Н.Сайжаа, Б.Бурмаажав нар агаарын бохирдол-эрүүл мэндийн нөлөөллийн судалгааны эхлэлийг тавьсан. Энэ үед агаарын чанар SO2 NO2 буюу азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламжийг хэмждэг байсан. Энэ хэмжилтээс агаарын бохирдол нь амьсгалын замын өвчинд нөлөөлж буйг судалж эхэлсэн. Улмаар жигнэгдэгч бодисыг хэмжиж эхэлснээр агаарын бохирдол нь дархлалын системд нөлөөлж буйг тогтоосон бол, 2008 оноос агаарт агуулагдаж буй нарийн ширхэгтэй тоосонцрыг хэмжиж эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол нь зүрх судасны өвчин, ургийн хөгжил, өвчний дарамтад нөлөөлж буйг судалж, цаашлаад дотоод орчны агаарын бохирдлын судалгааг хийж эхэлсэн гэв.

Мөн Тогтвортой хөгжлийн зорилтод гадаад, дотоод орчны агаарын бохирдлын нөлөөллийг илэрхийлэх шалгуур үзүүлэлтэд уушгины хатгалгаа, уушгины архаг бөглөрөлт, тархины судасны өвчин, зүрхний ишемитийг өвчлөлийг тооцдог болсон гэж байлаа.

Нарийн ширхэгтэй тоосонцор нь эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдгийг илтгэгч онцлоод Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрс түлэхийг зогсоосноор эл тоосонцрыг 40 хувиар бууруулсан гэв.

Мөн тэрбээр, хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг тул энэ асуудалд судлаачид багагүй анхаарлаа хандуулсан гээд жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч хэрэглэж тоосонцрын агууламжийг багасгаснаар нярайн жин 80 гр-аар нэмэгдэж, өндөр 0.4 см-ээр урт болж ургийн бойжилтод таатай нөлөө үзүүлсэн гэсэн судалгааны дүнгээс танилцуулж байлаа.

Үргэлжлүүлэн “Агаарын бохирдол жирэмсэн эх, урагт нөлөөлөх нь” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эмч  Б.Жаргалсайхан илтгэлээ танилцуулав.

Тэрбээр илтгэлдээ, энэхүү судалгаагаар түүхий нүүрсний хэрэглээний үед өвлийн улирлын агаарын чанарын найрлага дахь РМ10, РМ2.5, CO, SO2 хэмжээ нэмэгдэхэд ургийн зулбалтын давтамж нэмэгдэж, үр хөврөл бүрэлдэх байдал буурах хандлага ажиглагдсаныг тодотгож байлаа.

Мөн сайжруулсан шахмал түлшний хэрэглээний үед агаарын чанар жирэмсэн эх, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх байдалд судалгаа хийхэд Улаанбаатар хотод шахмал түлшний хэрэглээ агаарын бохирдолтыг 2020-2022 онд 50 хувь бууруулсныг тэмдэглээд уг түлшийг хэрэглэхэд нүүрстөрөгчийн дутуу ислийн оргил цаг хугацааны дундаж (CO) агууламж дотоод орчинд 39 хувьд хүрч, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын дотоод орчны агаарын чанарын удирдамжаас давсан үзүүлэлттэйаюултай түвшинд хүрснийг тогтоосон. Агаарын найрлага дахь PM2.5 хэмжээ 5mg/m3-ээр буурахад жирэмсэн эмэгтэйчүүдэд манас таталтын урьдлын өвчлөл 47 хувиар буурах төлөв ажиглагдсан гэдгийг Б.Жаргалсайхан доктор илтгэлтээ тодотгож байлаа.

Дараа нь “Агаарын бохирдол хавдрын үүсгэгч болох нь” сэдвээр Хавдар судлалын үндэсний төвийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг илтгэлээ танилцуулсан.

Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд 52 дугаарт байрт эрэмбэлэгддэг ч нас баралтын тоогоор тэргүүлж байгааг Б.Ганзориг эмч илтгэлдээ тодотгоод уушгины хавдар тусахад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг нь агаарын бохирдол бөгөөд Монгол Улс уушгины хавдраад дэлхийд 69 дүгээр байрт, нас баралтаар 87 дугаар байрт орж буйг дурдсан.

Мөн тэрбээр, 2015-2017 онд хийсэн судалгаанд “Монгол болон Баруун Европын орнуудаас цуглуулсан 379 элэгний хавдрын эсэд молекулын шинж чанарыг тодорхойлох судалгаа хийхэд зөвхөн Монгол Улсаас ирүүлсэн 179 сорьцоос нүүрсний шаталтаас үүсдэг диметилсульфид хэмээх бодисоос үүссэн шинэ мутац илэрсэн тухай нийтэлснийг дурдлаа. Тэрбээр нь энэ нь дөрвөн хавдар тутмын нэгэнд ийм төрлийн шинэ мутац үүссэн байна гэсэн үг гэж байлаа.

Илтгэлийн дүгнэлтэд, Монгол Улсад агаарын бохирдлын эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр уушгины хавдрын өвчлөл жилээс жилд тогтвортой нэмэгдэж байна. Олон улсад хийсэн судалгаагаар түүхий нүүрсний хэрэглээний улмаас уушгины хавдрын тохиолдлыг нэмэгдүүлж байгааг тогтоосон. Нүүрсний хэрэглээ нь уушгины хавдраас гадна элэгний хавдарт нөлөөлж байгаа нотолгоо гарч эхэллээ хэмээв.

Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, мэдээлэл, танилцуулгын хүрээнд иргэд, олон нийтийн төлөөлөл болон Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, З.Мэндсайхан, Л.Мөнхбаясгалан, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, С.Замира, Ж.Золжаргал, А.Ганбаатар зэрэг нийт 16 хүн асуулт асууж, үг хэлсэн. Иргэд, олон нийтийн төлөөллийн зүгээс агаарын бохирдлын 70-80 хувь эсвэл 56 хувь нь гэр хорооллоос үүдэлтэй гэх төрийн байгууллагуудын зөрүүтэй тоон мэдээллийг  эцэслэхэд анхаарч, цэгцэлж байж агаарын бохирдлын учир шалтгаан, цаашид авах арга хэмжээгээ зөв тогтооно гэж байлаа. Мөн угаарын хийнд хордсон мэдээллийг нууцалж байгаа шалтгааныг тодруулахын зэрэгцээ угаарын хийн хордлогоос хэдэн хүн хордож, нас барсан талаар, агаарын бохирдлоос болж ургийн зулбалт, өсөлтгүй жирэмсэлт, ургийн гажиг нөлөөлсөн талаар үндэсний хэмжээний судалгаа хийсэн эсэх, агаарын чанарыг бүрэн хэмжиж,  бохирдлыг нарийн тооцоолж чадаж буй эсэхийг лавлаж байлаа.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга цаг уур орчны шинжилгээний газраас зургаан үзүүлэлтээр л агаарын чанарыг хэмждэг. Бусад нарийн бохирдлыг хэмжих технологийн боломж байхгүйг дурдаад харин 2027 онд байгаль орчны төв лаборатори ашиглалтад орвол нарийн үзүүлэлтийг хэмждэг болно гэж байсан. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хариултдаа, Угаарын хордлогын талаарх мэдээлэл нийтэд ил тод байдгийг дурдаад 2017-2024 оны хооронд улсын хэмжээнд 11134 хүн угаартсан бөгөөд 2023 онд 2980 иргэн угаарын хийд хордсоноос нас барсан хүний тоо 51, 2024 онд  2662 хүн угаартсанаас, нас  барсан иргэний тоо 47  байна гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид сайжруулсан шахмал түлшинд стандарт байгаа эсэх, үүнийгээ аж ахуйн нэгж нь дагаж мөрдөж буйд хяналт тавьдаг талаар, агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буй талаар хэлэлцүүлэг хийж байгаа атлаа цаашид зуух тараах талаар ярих бус дотооддоо үйлдвэрлэж буй цахилгаан халаагуурыг дэмжихэд төрийн бодлого, зохицуулалт хийж байж агаарын бохирдлын 56 хувийг эзэлж буй гэр хорооллын утааны асуудлыг шийдвэрлэнэ гэсэн санал хэлж байв. Түүнчлэн иргэд агаарын бохирдол нь ураг, нярайн эндэгдэлд нөлөөлж буйг нотолж, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөгөөг өгөхийн тулд эрүүл мэндийн салбарт даацтай судалгаа, шинжилгээ хийх төсөв, зардлыг нь боломжтой хувь хэмжээгээр нэмэгдүүлэх, 11-03 дугаар сар буюу утааны улирлын үеэр иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх нь чухал гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ингээд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт хэлэлцүүлгийг хааж, хэлэлцүүлэг даргалагч Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Өнөөдрийн хэлэлцүүлэг үүгээр дуусахгүй. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайханы даргалах “Утааны асуудал: Стандарт, хяналт” сэдэвт хэлэлцүүлэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатарын даргалах “Эрх зүйн орчин, бодлого шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” гэсэн сэдвээр үргэлжилнэ гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн эрх болсон иргэний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж, үндэсний аюулгүй байдалд хүрсэн утааны асуудал нь хүний  эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж үндэсний ирээдүйг сүйрүүлж болох аюул болно гэдгийг бид  энэ хэлэлцүүлгээр тодорхойлж байна. Иймд цаашдаа төр, засгийн бодлогыг уялдуулах, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны стандартуудыг шинэчлэх, салбарын судалгаа, санхүүжилт, лаборатори байгуулахад анхаарах, эрүүл мэндийн салбарын төсвийг 6 хувь руу үе шаттайгаар хүргэх, ингэхдээ ил тод, нээлттэй байх, иргэдийн мэдэх эрхийг хангах зэрэг асуудалд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдлаа. Улмаар хэлэлцүүлэгт оролцогчдын санал, зөвлөмж, шүүмжлэлийг анхаарч дараагийн хэлэлцүүлэг, сонсголд ач холбогдол өгөн тусган ажиллах болно гэдгийг хуралдаан даргалагч онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.