Хүүхдэд хэл, ярианы асуудал тулгарч байгаа нь гар утасны хэт их хэрэглээнээс үүдэлтэй

newslifemn Өчигдөр

НҮБ-ын Хүүхдийн Сан 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарын дунд “Хариу үйлдэлт асаргаа халамж” сэдэвт судалгааг 2023 онд анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна. Монгол улсад Хариу үйлдэлт асаргаа халамжийн хувь 71.9 байгаа ба үлдсэн хувь нь асаргаа халамжийг хангалтгүй үзүүлдэг гэсэн ерөнхий үр дүн гарсан байна. Уг судалгаатай холбоотой мэдээллийг   НҮБ-ын Хүүхдийн сангийн бага насны хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн С.Өлзийсайханаас тодруулж, хүргэе. 

Анх удаа үндэсний хэмжээнд хийсэн энэ судалгааны гол үр дүнгээс танилцуулна уу. 

Судалгаагаар оролцогчдын 72 орчим хувь нь хүүхдэдээ асаргаа халамж бол сайн үзүүлдэг, үлдсэн хувь нь төдийлөн асаргаа халамж үзүүлдэггүй юм байна гэсэн ерөнхий үр дүн гарсан. Илүү задалбал жишээ нь, хүүхдүүдийн 62 хувь нь хэл ярианы бэрхшээлтэй гэх асуудлаар эцэг эхчүүд эмнэлэгт ханддаг. харин шалтгаан нь хүүхэд гар утас их хэрэглэснээс болдог байна. Ингээд харахаар хүүхэд хэлд орохгүй байгаа гол шалтгаан бол гар утас хэт их үзүүлж буйтай холбоотой байна. Мөн аавуудын оролцоо маш тааруу гэсэн үр дүн гарсан. Ялангуяа бас хөдөө орон нутагт аавуудын оролцоо, хүүхдээ харах, анхаарах оролцоо 20 хувиас бага байна . 

Судалгаагаар зарим эцэг, эхчүүд хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байгаа нь ямар шалтгаантай байна вэ? 

Эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарал тавихад одоо ямар асуудал тулгарч байна вэ, ямар дэмжлэг хэрэгтэй байна вэ? гэж асуухад ажлын ачаалал их байна гэж дийлэнх нь хариулсан байна. Тиймээс төрийн, хувийн байгууллагууд гэр бүлүүдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг уриалмаар байгаа юм. Хүүхэд өвдөхөд цалинтай чөлөө олгох, хүүхдээ асрах, халамжлах энэ боломжийг нь л олгодог байх хэрэгцээ, шаардлага байгаа нь харагдаж байгаа юм. 

Эцэг, эхчүүд хүүхдээ нэг үл хайхрах хүчирхийлэл үйлдээд байна гэж ойлгож болох уу? 

Энэ судалгаагаар хүүхдээ хамгаалж байна уу, асарч байна уу юу гэсэн мэдээллүүдийг бас цуглуулсан. Тэгээд тодорхой хэмжээнд хүүхдүүдийг үл хайхрах байдал ажиглагдсан. Гэртээ, ганцааранг нь байлгах, 10-аас доош насны хүүхдээр  хүүхдийг харуулах ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нар илүү эцэг эхчүүддээ хүүхдээ илүү анхааръя, хамгаалъя гэсэн нөлөөллийн ажлууд хийхээр төлөвлөж байгаа.  Бас нэг анхаарал татахаар үр дүн нь эцэг эхчүүд хүүхдийн хөгжлийн талаар мэдээллийг голдуу фэйсбүүкээс авдаг нь тогтоогдсон. Тиймээс бид нар фэйсбүүкээр яг шинжлэх ухааны нотолгоонд суурилсан мэргэжлийн хүн хүмүүсээр ийм төрлийн мэдээллийг өгүүлэх хэрэгтэй юм байна аа гэж харж байгаа.

– Баярлалаа