М.Бадамсүрэн: Дорнод аймгийн ард иргэд  Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр арван жил ард цолтой байлдагч явсан юм

newslifemn 2024-05-13

Халх голын дайны ялалтын 85 жилийн ойн нээлтэд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нээж үг хэллээ. Тэрбээр,
Бидний бахархан хүндэтгэх Халхын голын 1939 оны дайны ахмад дайчин Эрхэм хүндэт Цэрэнгийн Чимэдцэрэн, Эрхэм хүндэт 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчин Яримпилийн Өсөх гуай, ахмад буурлууд аа
Халхын голын баатруудын үр хүүхэд, төрөл төрөгсөд өө
Генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа
Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, Монгол улсын шилдэг аймаг Дорнод аймгийн минь ард иргэд ээ
Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв, Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Чойбалсан хотын минь ард иргэд ээ
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид төлөөлөгчид өө
Та бүхэндээ Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойн мэндчилгээг түүхт ялалтын өлгий нутгаас дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр энэхүү түүхэн ойг уламжлалын дагуу энэ оны 08-р сард ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.
Дорнод аймгийн тухайд тус түүхэн ойг угтсан олон талт үйл ажиллагааг тухайн жилийнхээ 05-р сараас эхлэн зохион байгуулдаг уламжлалын дагуу Халхын голын дайны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг ийнхүү эхлүүлж билээ.
Эрхэм хүндэт нөхөд өө
Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид Эх орны минь Дорнод хил, Халх голын хязгаарт түрэмгийлэн халдсан Япон-Манжийн дайнчдыг бут цохисон түүхт ялалтын ач холбогдол нь Монгол Улсын газар нутаг, Эх орныхоо тусгаар тогтнол, ард түмний эрх чөлөөт амьдралыг батлан хамгаалж, ашид хойшид амгалан энхийг тогтоосонд оршдог.
Мөн тухайн үеийн бүс нутаг, олон улсын харилцаанд эерэг үр дүн, уур амьсгал оруулсан үйл явдал болсныг цаг хугацааны шалгуур улам бүр тодруулсаар байна. Түүхт ялалтын энэхүү ач холбогдол, үр дүнд ард түмэн-ар тал-арми цэргийн гүн бат холбоо шингэсэн юм.
Манай аймгийн ард иргэд болон зүүн бүсийн аймгуудын ард иргэд Эх орноо батлан хамгаалах нэгэн зорилгод нэгдэж фронтод байлдаж байсан.
Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болж чадсанаараа дайны ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Энэ бол Дорнод аймгийн мөнхийн бахархал, Эх орон ард түмнийхээ өмнө байгуулсан баатарлаг гавьяа юм.
Онцгой гавьяаг онцлон хэлэхийг хүсч байна. 1930-аад оны дунд үеэс Дорнод аймгийн нутагт Монгол Ардын Хувьсгалт Цэргийн 5,6, 8,7 дугаар морьт дивиз, их буу, хуягт, холбоо, нисэх зэрэг төрөл мэргэжлийн анги салбарууд, хязгаарын цэргийн 4 хороо байрлаж, 1935 оноос Зөвлөлтийн Армийн түрүүчийн ангиуд хүрэлцэн ирж өргөжиж байлаа. Баянтүмэн, Тамсагбулаг зэрэг газруудад цэрэг, зэвсэг, техник, шатахуун, хүнс, эд агуурс хангамжийн том баазууд бий болжээ.
Дорнод аймгийн ард иргэд энэ цэрэг, стратеги, эдийн засгийн том талбар дээр, Арми цэргийн ар талын өргөн шугаман дээр арван жил ард цолтой байлдагч явсан юм. Мөн Хэнтий, Сүхбаатар аймгийнхан маань ч ар талын хангалтад онцгой үүрэгтэйгээр оролцож байсныг цохон дурдъя.
Тэд фронтод байлдаж байгаа анги салбар, цэрэг дайчдад хоол хүнс, хувцас хэрэглэл, аргал түлш, агт уналга хүргэх, утсан холбоо татах гуалин мод, гүүр гарц тавих дүнз банз тээвэрлэх, худаг гаргаж унд усаар хангах, өвс бордоо бэлтгэх, нуувч шуудуу малтах, шархдагсдыг эмчлэн сувилах, мал нядалгаа, талхны газарт ажиллах зэрэг өргөн хүрээтэй олон ажилд өдөр шөнөгүй зүтгэж байв.
Үүнийг хэдэн баримтаар товч тодруулъя:
Онон, Улзын даваанаас Мэнэн, Буйрын талыг туулсан хөсөг тэрэгний цуваа нь ялалт аюулгүй ачааг тээж байлаа. Энэ их ажил аюул эрсдэлийн дор өрнөж байлаа.
1938-1940 онд Дорнод аймгийн даргаар ажиллаж байсан Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Ц.Ламзав дурьдатгалдаа “…Тайван цагт бол зориглож чадмааргүй зүйлийг дайны үед хийж чадсан Дорнод нутгийн хөдөлмөрч олноороо би үргэлж бахархаж явдаг юм. Нэг хот айлд 5 гэр байлаа гэхэд 4 нь цоожтой, үлдсэн нэг гэрт ердөө л ганц хүн байна. Тэр хотныхоо бүх мал сүргийг маллаж, хүүхэд шуухадыг асарна. Бусад бүх хүмүүс цэргийн албанд хүнс бэлтгэх, түлш татах зэргээр ажиллаж байсан юм. Өвгөд хөгшид хүртэл утасны мод ачсан үхэр тэрэг хөтлөөд Халхгол руу явж байлаа. Эмэгтэйчүүд ч гэлээ сум шунгинаж байхад тоохоо больчихоод мал нядалгааны газарт мах бэлтгэж, хүүхэд багачууд дайсны онгоцоор хаясан олон мянган ухуулах хуудсыг түүж шатааж байв. Тэр бүх тээврийг ердийн хөсгөөр амжуулж байсан юм….” гэж тэмдэглэн үлдээжээ.
Агт морьдын туурай, атан тэмээдийн тавхай улдаж байхад ард олны нуруу бөхийгөөгүй, зориг шантраагүй ачааны хүндийг дааж явсан юм. Давж гарсан юм.
Дайн бол үхэл хагацал хоёрыг үүрд дагуулахын учир шархадсан дайчдынхаа амь насыг аврахын төлөө Баянтүмэний төв больниц цэргийн госпиталын 7-р тасаг болж эмч сувилагч ажилчид хэрхэн ажиллаж байсныг Аймгийн яамны 1939 оны 69 дүгээр тогтоолд “ …шархадсан цэрэг дайчдыг эмчилж сувилж асрахын зэрэгцээ тэдний эргэж тойрох сүлжээ гарган хэрэгжүүлж, 2-3 өдрийн цалингаар туслах, гарын бэлэг өгч байсныг сайшаан…” тэмдэглээд тэднийг эмчилж сувилж, энэлэл шаналалыг хуваалцаж явсан эмч Н.Янсанжав, А.Гүндэгмаа, сувилагч Г.Янжин, ажилчин А. Наваан, Д.Батаа, Л.Шагдар нарыг онцлон, хөхүүлэн шагнасан байна.
Дорнодын эмнэлгийн хэдэн арван эмч, сувилагчид Халхголын болон чөлөөлөх дайнд оролцсон төдийгүй дайны дараа цэргийн анги салбарт бактерологийн зэвсгийн хор уршгаар дэгдсэн аюулт өвчнийг арилгахын төлөө 1948 он хүртэл ажиллажээ.
Манай эмч сувилагчид, эмэгтэйчүүд дайсны илгээсэн гэмтэл шархыг хоёронтоо илааршуулж, далд нянгийн учруулсан хөнөөлийг нэгэнтээ арилгаж, эмчилж эдгэрүүлэх ариун үүргээ, энэрэн хайлах сайхан сэтгэлээ анисан шарх, эрүүлжсэн биед шингээсэн юм.
Дайны цагийн эмч –офицерийнхоо, сувилагч-цэргийнхээ дайчин уламжлалыг өндөрт өргөсөн Цэргийн гавьяаны одонт манай БОЭТ-ийн ахмад болон одоо ажиллаж буй нийт сувилагч нар болон сум, өрхийн ЭМТ-үүдийн, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч Та бүхэндээ Олон улсын сувилагчдын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Халхголын дайны ар талын фронтод Монгол дээлийнхээ ханцуйг шамлаж, хормойг шууж ард цолтой байлдагч явсан манай аймгийн зон олны хийж байсан ажил бүрийг ийнхүү тодруулан тавих түүхийн баримт байна. Энэ бүхэн Дорнод аймгийн ард иргэд Монгол-Зөвлөлтийн армийн баттай ар тал болсныг нотлон харуулдаг.
Аймгаараа баатарлаг хөдөлмөрийн онцгой гавьяа байгуулсан ахмад үеэ, залгамж хойч үеийнхэн үүрд дээдлэн бахархах болно.
Хэн ч мартах ёсгүй, хэзээ ч мартагдах учиргүй Халхын голын баатруудын яруу алдар бадартугай.