“Төв түмний цэнгэл” баяр наадмыг аялал жуулчлалын томоохон эвент болгоно

newslifemn 2024-07-29

Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл” баяр наадмыг Төв аймгийн Алтанбулаг суманд зохион байгууллаа.
Баяр наадмын арга хэмжээний хүрээнд 27 сумын наадамд айргийн тав дотор хурдалсан дээд гурван насны шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон нүүдэлчдийн өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэрэг дотоод, гадаадын зочдын сонирхлыг татахуйц арга хэмжээнүүдийг зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулдаг сайхан уламжлалтай.
Монгол Улсын Засгийн газрын “Монголд зочлох жил 2023-2025”, Төв аймгийн “Аялал жуулчлалын стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд “Төв түмний цэнгэл” баяр наадмыг аялал жуулчлалын томоохон эвент болгохоор зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд гадны зочдыг татах, харилцаат бүс нутгууддаа сурталчлах хүрээнд Зүүн Азийн Аялал жуулчлалын холбоо /EATOF/-ны 18 дахь удаагийн чуулганд оролцлогч 9 орны 150 орчим зочид, төлөөлөгчдийг оролцуулснаараа онцлогтой байв.
Мөн Монгол Улсын ёс заншил, соёл урлаг, өв соёлыг сурталчлах, гишүүн мужуудын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, нутгийн иргэдийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор БНСУ-ын Кангвон мужийн Аялал жуулчлалын байгууллага- Төв аймгийн аялал жуулчлалын холбоотой, БНСУ-ын Сөүл хотын REAMONGRAEIN корпораци, Төв аймгийн Соёл урлагийн газартай, Бүгд Найрамдах Социалист Веатнам Улсын “ХОАНГ АНХ ИНВЕСТМЕНТ” ХХК Төв аймгийн Эрдэнэ сумын “Аз жаргалтай аялал” ХХК-тай тус тус хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулсан бол Төв аймгийн Аялал жуулчлалын холбоо, Алтанбулаг, Аргалант, Борнуур, Батсүмбэр, Баянчандмань, Мөнгөнморьт, Эрдэнэ, Эрдэнэсант сумдын Засаг дарга нар, Нутгийн Иргэдийн Аялал Жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид хоорондын гурвалсан гэрээ байгуулж, тогтвортой аялал жуулчлалыг өргөжүүлэх ажлын эхлэл тавигдсан онцлогтой болж өндөрлөлөө.
“Төв түмний цэнгэл-2024” баяр наадмын хүрээнд зохион байгуулсан арга хэмжээнд сум, баг, хамт олноороо идэвх, санаачлагатай оролцсон Төв аймгийн Эрдэнэ сумын хамт олныг “ШИЛДГИЙН ШИЛДЭГ СУМ”-аар шалгаруулж “Батламж” хадгалуулав.