Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Мал амьтнаас хүнд халдварладаг өвчнийг зооноз гэх бөгөөд дэлхий дээр 1500 орчим хүний халдварт өвчин бүртгэгдсэний 60 хувь нь зооноз өвчин байна. Жил бүр хүний 4-5 халдварт өвчин шинээр бүртгэж байгаагаас 3-4 нь буюу 75-80 хувь нь амьтдаас хүнд халдварлаж байгааг судалгаагаар тогтоосон. Нийт зооноз өвчний 60 хувь нь, сүүлийн 20 жилд шинээр бүртгэгдсэн зооноз өвчний 80 хувь нь вирусээр үүсгэгдсэн байгааг онцлов.
Мөн Монгол Улсад хүний болон мал, амьтны зориулалттай эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, тэжээлийн нэмэлтийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиар зохицуулж байна. Эмийн тухай хууль 1998 онд батлагдаж 2006 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болгосон бөгөөд 2010 онд тус хуулийг шинэчлэн найруулснаас хойш нийтдээ 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч зарчмын хувьд мал амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлтийн талаарх зарчмын суурь зохицуулалт хяналт, шалгалтын талаар бүрэн тусгагдаагүй гэж байлаа.
Түүнчлэн Монгол Улс 1989 онд Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллага, 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд гишүүн орны хувьд дээрх байгууллагуудын батлан гаргасан стандарт, удирдамж, заавар, зөвлөмжид нийцүүлэн үндэсний бодлого, хууль тогтоомжийг өөрчилж, шинээр боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Одоо мөрдөж байгаа Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд хүний эмнэлгийн зориулалттай эм, түүний дотор уламжлалт, эм, био бэлдмэл, оношлуур, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн, хүнийг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түгээх, хэрэглэх, хянах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулалтыг нарийн тусгагдсан бөгөөд мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, ариутгал, халдвар, төлжилтийн бэлдмэл тэжээлийн нэмэлтэд зохицуулалтыг бүрэн тусгаагүй байдаг.
Дэлхий дахинд мал амьтны эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хурдацтай хөгжиж байгаа нь мал амьтны өвчний оношилгоо, эмчилгээний шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн худалдаа, хангамж, эмийн бүртгэл, баталгаажуулалт, эмийн нэгдсэн цахим бүртгэлийг нэвтрүүлэх, эмийн зохистой хэрэглээ, төрөөс баримтлах зарчим, мал амьтны эм, эмнэлгийн хэрэгслийн био бэлдмэл, оношлуур, эмийн түүхий эд, ариутгал, халдваргүйжилтийн бэлдмэл, тэжээлийн нэмэлтийн зөвшөөрөл олгох хяналт, шалгалт зэрэг хууль эрх зүйн зохицуулалтыг цогцоор нь тусгах хэрэгцээ шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.
Иймд дээрх зохицуулалтыг тусган Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төслийг 7 бүлэг 24 зүйлтэйгээр Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль тогтоомж батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулсан байна.
Хууль батлагдсанаар эмийн чанар, аюулгүй байдал, хангамж сайжирч, хүнсний аюулгүй байдлыг хангахад төр болон хувийн хэвшлийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж байлаа. Мөн мал, амьтны гоц халдварт, халдваргүй шимэгчлэх өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх арга хэмжээний үр дүн сайжирч мал, амьтны өвчний гаралт, тархалт, өвчлөл буурч, хүн ам, мал, амьтны эрүүл мэндэд учруулах эрсдэл буурах юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал малын эм хэрэгсэл, бэлдмэлийн чанарт эргэн харах асуудал байгаа тул мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортынхоо чиг баримжааг харгалзаж тухайн импортлогч оронд хүлээн зөвшөөрөгдсөн эм, био бэлдмэлүүдээр малаа эрүүлжүүлэх, монгол мал эрдэс, амин дэм, уургийн дутагдалд ороод давжаарч байгаатай холбогдуулан тэжээлийн нэмэлтэд онцгой анхаарч хуулийн төслийг илүү сайжруулах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Мөн гишүүд иргэд ямар нэгэн вакцин тарилга, эм хэрэглэсэн эсэх нь тодорхойгүй малын мах хэрэглэж буй учир хуулийн төсөлд малын эрүүл мэндийг хамгаалах, эмийн хяналт шалгалт болон хувийн мал эмнэлгийн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулах, чадавхжуулах зохицуулалтуудыг тусгасан эсэхийг лавлав.
Хуулийн төсөлд мал, амьтны эмийн хяналтыг хянах байцаагчдын эрх, үүргийг тодорхой тусгасан төдийгүй 4 дүгээр бүлэгт малын эм хэрэглэх, илрүүлэх, эмийн үлдэгдлийг илрүүлэх тандалт, төлөвлөгөө хийх мэргэжлийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан тусгасан гэж Ажлын хэсгээс хариулсан.
Мөн салбарын сайд Х.Болорчулуун, “Өнгөрсөн жилээс вакцин, тарилгын үйлчилгээний хөлсийг нэг бодыг 1000 төгрөг, богийг 350-450 төгрөг болгож нэмэгдүүлсэн. Үйлчилгээний хөлсийг нэмэгдүүлж, үүнийг орон нутгийн төсөвт суулгаж байж мал, эмнэлгийн үйлчилгээ чанартай байх нөхцөл бүрдэх юм. Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд таван жилд 144 тэрбум төгрөгийг малын вакцин тарилга туулга, эмийн үйлчилгээний зардалд хэрэглэхээр тавьсан. Вакцин, тарилгын төсвийг хангалттай төсөвлөснөөр өнгөрсөн жилээс малын өвчин буурах хандлагата байна” хэмээн хариулж байлаа.
Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
0 cэтгэгдэлтэй