Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан баг байгуулна

newslifemn 2024-03-27

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд төвийн бүсийн аймгуудын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Хамтарсан баг байгуулж тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчилд анхаарал хандуулан ажиллахаар Төв аймгийн ГХУСАЗСЗ-өөс санаачлаад байна.
Тус ажлын хүрээнд мэдээлэл танилцуулах, санал солилцох зорилгоор Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн ИТХ-ын Ажлын албаны бүрэлдэхүүн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар төвийн бүсийн хэмжээнд зонхилон бүртгэгдэж буй зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчил, хууль бус ашигт малтмал олборлолт, малын хулгай зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг танилцуулан, урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо илэрхийлж, бүсийн хамтарсан зөвлөл байгуулах ажлыг эрчимжүүллээ.