“Mining Week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ “Шангри-Ла Улаанбаатар” цогцолборт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Чуулганыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, цаашид Шинэ сэргэлтийн бодлогоор тус салбарын хөгжлийг дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байгааг дурдаад, эрдэс баялгийн боловсруулалт, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн дэмжлэгүүд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов”.
Энэ өдөр судлаач, шинжээчдийн анхаарлыг татсаар ирсэн сонирхолтой сэдвүүд болох өнгөт болон үнэт метал, аж үйлдвэржилт, тогтвортой хөгжил сэдвээр илтгэл, хэлэлцүүлгүүд явагдлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-д нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангах хүрээнд томоохон төслүүд урагшилж, бодит ажил болох эхлэл тавигдаж байна.
Монгол Улсын эдийн засгийн түшиц, экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, үйлдвэрээ ойрын жилүүдэд барьж байгуулахаар шийдэж, Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан. Тус хорооны Зэсийн асуудал хариуцсан дэд хорооны дарга Х.Бадамсүрэн “Монгол Улсад хэрэгжих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн цаашдын чиг хандлага”-ыг тодорхойлсон илтгэлийг хэлэлцүүллээ. Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдэр шинэчилсэн стратегиа танилцуулав. 2028-2036 онд “Оюутолгой”-н жилд үйлдвэрлэх зэсийн хэмжээ гурав дахин өсөхөөр байна. Ирэх онд үйлдвэрлэх зэсийн хэмжээ 40 хувиар нэмэгдэнэ гэв.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн хөгжих Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөөг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон танилцууллаа. Тус парк нь өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх юм. Паркийн дэд бүтцийн ажлууд ахицтай явж байна. Үүнд төмөр зам, авто зам, цахилгаан, дулаан, ус хангамжийн байгууламж орно.
Монгол Улс уул уурхайн салбарт олборлолтоос боловсруулалт руу гэсэн стратегийг баримтлах болсон. “Алтанширээт” ҮТП нь 500 орчим шууд ажлын байр бий болгох бол “Гэрэлт говь” ҮТП 400 шахам ажлын байр шинээр бий болгоно.
“Гэрэлт говь” нь коксын үйлдвэрээс гадна төмөр хайлуулах үйлдвэр, арматурын үйлдвэр барих юм.
Аж үйлдвэржилтийн хүрээнд нүүрс гүн боловсруулах санаачилга судалгааны түвшинд эрчтэй урагшилж байна. Нүүрсийг коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, ус төрөгчийн үйлдвэр байгуулах түвшинд энэ сэдэв өндрөө авсан. Үүний угтвар ажил болгож диметилийн эфир буюу нийлэг хий үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулахаар болсон. Монгол Улс хөгжингүй орнуудтай цэвэр эрчим хүчний шилжилтийн зүг зэрэгцэн алхахыг эрмэлзэж, нүүрсээ улам үнэд хүргэхээр төр, хувийн хэвшил судалгаа, туршилт руу гүн ороод байна.
Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжих юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, жилд 350 мянган тонн гол нэр төрлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 50 хүртэл хувийг хангах юм. Нийт хөрөнгө оруулалт нь хагас тэрбум гаруй ам.доллараар тоологдож байна. Цаг хугацааны хувьд 2026 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусгахаар төлөвлөжээ.
Харин Бага танимд тогтвортой уул уурхай, чухал ашигт малтмал дахь Монголын эзлэх байр суурь сэдвээр илтгэл тавигдаж, далд уурхайн симпозиумыг зохион байгуулсан.
0 cэтгэгдэлтэй