Төв аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн сар шинийн баярт зориулсан “ТӨВ ТҮМНИЙ ЗОЛГОЛТ” 2023 оны 03 дугаар сарын 05-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн золголт нь 10 гаруй жил тасраад байсан уламжлалт арга хэмжээг дахин сэргээж буй гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн Төв аймгийн бүх сумдыг хамруулсан томоохон үйл ажиллагаа болсон юм.
Энэ үеэр Төв аймгаас төрөн гарсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, Олимпын мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат, Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар нарын гэр бүл, Монгол улсын Дархан аварга, Гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат нарт Хүндэтгэл үзүүллээ
Мөн энэ үеэр улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болсноос Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Ц. Бямба-Отгон үзүүрлэж, шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.
ДҮНЖИНГАРАВЫН ИРЭЭДҮЙН АВАРГУУДАА ЗОДОГ ШУУДАГЖУУЛАХ АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Түүнчлэн “Дүнжингарав” бөхийн дэвжээнээс санаачлан хэрэгжүүлж буй Төв аймгийн 6-18 насны бүх хөвгүүдийг зодог, шуудагтай болгох аяныг зохион байгуулагдахын зэрэгцээ аймгийн харъяат 96 хүүхэд барилдууллаа.
Эр, бяр нь тэгширсэн хүчит бөхчүүдийн өлгий нутаг Төв аймгийн хүчтэнүүдийн залгамж халааг бэлтгэх, Монгол бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээ цаашид үргэлжилж, аймгийн хэмжээнд амьдарч байгаа 6-18 насны бүх эрэгтэй хүүхдэд хүрнэ гэдгийг аяны санаачлагч онцолж байсан юм.
0 cэтгэгдэлтэй