УИХ-ын чуулган завсарлаж гишүүд тойрогтоо ажиллаж байгаа билээ. УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймагт ажиллах хугацаандаа Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй танилцан, тэнд ажиллагсдын санал сэтгэгдлийг сонслоо.
Уулзалтын үеэр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, үйлчилгээний ажилтнууд цалин хөлс нь амьдралд хүрэлцэхгүй байгааг хэлж, эмнэлгийн боловсон хүчин хүрэлцээгүйн улмаас тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллахаас аргагүй байдалд орж, ажиллаж байгаа талаар хэлж байв.
Мөн ӨЭМТ-үүдийн байр нь иргэдэд үйлчлэхэд зай талбайн хувьд хүрэлцээ муутай, цаашид зарим багийн ӨЭМТ-ийн байрыг томруулан шинэчлэх шаардлагатай талаар ч хэллээ. Түүнчлэн эмнэлгээр үйлчлүүлж байсан өндөр настнууд тэтгэвэр нь үнийн өсөлтийг давж чадахгүй, амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар дуулгалаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан өмнө нь ӨЭМТ-үүдэд өмнө нь нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг өгч байсан бөгөөд өнөөдөр тус төхөөрөмжүүдээр иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсээр байгаа билээ. Харин энэ удаагийн уулзалтын үеэр ӨЭМТ-үүдэд эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотой ажилд нь дэмжлэг үзүүлэн зөөврийн компьютерийг хүлээлгэн өглөө.
0 cэтгэгдэлтэй