EQUAL төсөл нь Монгол Улсын боловсролын салбарт тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан

newslifemn 2025-12-5

Боловсролын салбарт тэгш хамруулах бодлогыг дэмжих, боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилготой EQUAL төслийн үр дүнг танилцуулах арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Төсөл нь тэгш хамран сургах боловсрол, сургуулийн үдийн хоолны үйлчилгээ, хосолсон сургалтын хөгжлийг дэмжих чиглэлээр 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 273 ерөнхий боловсролын сургуульд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ.
Уг төслийг Дэлхийн Түншлэл (GPE)-ийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын Засгийн газар, Боловсролын яам, Хүүхдийг Ивээх сантай хамтран 2022–2025 онд хэрэгжүүлсэн агаад ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн юм.
Арга хэмжээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Японы Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай, Япон Улсын Элчин сайдын яамны төлөөлөгч Дэвид Цүнакаке болон ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, дүүргийн Боловсролын газрын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл зэрэг 300 гаруй хүн оролцлоо.
EQUAL төсөл нь Монгол Улсын боловсролын салбарт тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэх, сургуулийн хоол тэжээлийн чанарыг сайжруулах, хосолсон сургалтын аргачлалыг нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан болохыг оролцогчид онцлон тэмдэглэв.