10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна

newslifemn 2023-06-12

Дэлхий даяар ойролцоогоор 160 сая хүүхэд хүүхдийн хөдөлмөр эрхэлж байгаа нь 10 хүүхэд тутмын нэг нь гэсэн үг.  6-р сарын 12-нд тэмдэглэдэг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр нь дэлхий даяараа хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хөдөлгөөнийг өрнүүлэхэд түлхэц өгөх зорилготой юм. 

2023 оны Дэлхийн өдрөөр “Нийгмийн шударга ёсыг бүх нийтэд түгээнэ”. “Хүүхдийн хөдөлмөрийг зогсоо!” хэмээн уриалсан бөгөөд нийгмийн шударга ёс ба хүүхдийн хөдөлмөрийн хоорондын уялдаа холбоог онцлон анхаарч, 2023 оны Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрөөр дэлхийн улс орнууд ямар ч нөхцөл байдалд хүчин чармайлтаа эрчимжүүлж, хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсоохын төлөө хүсэл зориг, шийдэмгий байдлаараа нэгдэж байгаагаа илэрхийлж байна.

Монгол Улс 1990 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцид, 2003 онд Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, хүүхдийг садар самуунд сурталчлахын эсрэг Нэмэлт протоколд, 2004 онд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг Нэмэлт протоколд нэгдэн орсон. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын суурь 8 конвенцийг соёрхон баталсны дотор Хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцийг 2002 онд, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах тухай 182-р конвенцийг 2001 онд соёрхон баталсан.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсад 5-17 насны хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хувь 16.7, түүнээс аюултай хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн хувь 7.8 байгаагийн дийлэнх нь хөдөө аж ахуй (хурдны морь унаж уралдах зэрэг), барилгын салбар, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байна.