ХЗБХ: ШЕЗ-ИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ БАЙГУУЛЛАА

newslifemn 2 цагийн өмнө

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.10.15/-ийн хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг сонгохдоо гишүүн нэг бүрээр санал хураалт явуулж, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын бүлэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбоо, Шүүхийн сургалт судалгаа мэдээллийн академи, Төрийн өмчийн бус сургуулийн төлөөлөл Шихихутаг их сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн төлөөллөөс бүрдүүлэв. Мөн УИХ дахь АН-ын бүлэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэр дэвшигчдийг дэмжээгүй тул дахин өөр нэр дэвшигчийг Байнгын хорооны хуралдаанд ирүүлэхээр боллоо. Ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулна.
 УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хийх нь зүйтэй гэж хойшлуулав. Гишүүдийн зүгээс хуулийн харьцуулсан судалгаа, өмнөх адил төстэй кейсүүд, Үндсэн хуулийн цэцээс гаргаж байсан дүгнэлтүүд, 1992 оны үндсэн хуулийг батлах үеийн протокол зэрэг холбогдох олон материалуудыг судалж үзэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлсэн юм.