Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг 5 Ш ажиллагааны суурь болох Шилэн ажиллагааны хүрээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилготойгоор Төв аймагт “Хурдан” үйлчилгээний цэг нээгдлээ. Тус цэг нь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх, зөвлөгөө, мэдээллээр хангах, үйл ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах юм.
Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг авах боломжтой юм. Харин энэ онд тус үйлчилгээг нэмэгдүүлж 55 байгууллагын 790 үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөн ажлаа эхлүүллээ.
E-Mongolia “Хурдан” цэгийн үйлчилгээг бий болгон 21 аймагт 393 цэг, Улаанбаатар хотод 61, хилийн боомтын 3, дипломат төлөөлөгчийн газрын 47 нийт 504 цэг байгуулахаар ажиллаж байгаагийн нэг нь Төв аймаг дахь Хурдан үйлчилгээний цэг юм. Аймгийн 27 сум, хүн амын төвлөрөл ихтэй 6 суманд 2019 оноос эхлэн E-mongolia үйлчилгээг нэвтрүүлэн лавлагаа болон олон шатлалт үйлчилгээг тогтмол үзүүлж байна.
0 cэтгэгдэлтэй