Э.Өлзийбаяр: Дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй

newslifemn 18 минутын өмнө

Ардчилсан Намын Онц их хурал зарлагдсан гэх мэдээллийг тус намын төв байгууллагаас няцаасан. Тэгвэл бид тэрхүү хурлыг  зохион байгуулагчдын нэг, Онц Их Хурлын дарга, Ардчилсан намын гишүүн Э.Өлзийбаяртай ярилцлаа.


 -Зарлагдсан Онц их хурал хүчингүй, ийм эрх зөвхөн намын төв байгууллагад байгаа гэх агуулгатай мэдэгдэл гаргасан байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Онц их хурал гэдэг нэр бол АН-ын өмч биш. Ардчиллын үнэ цэн. Энэ нэрийг намын гишүүд дэмжигчид, залуучууд хэн ч хэрэглэж болно. Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан, ардчилсан нийгмийн иргэдэд олгогдсон хамгийн гол эрхүүдийн нэг болох эвлэлдэн нэгдэх эрхийг АН-ын удирдлага болон намын төв байгууллага дангаараа өмчилж болохгүй. Тиймээс АН-ын гишүүд бид Онц Их хурлаа зарлах нь бидний эрхийн асуудал. Яах вэ, би энэ удирдлагыг ойлгож байна л даа. Бид тэднээс өөр байр суурьтай байгаад эгдүүцэж, эсэргүүцэхдээ тийм мэдэгдэл гаргаж байгаа хэрэг. Нэг түүх сануулахад, одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гэж хүн намын даргын тамга тэмдгийг авахын тулд Дүнжингарав захын гадаа Онц их хурал гэж зарлаж хуралдуулж байлаа шүү дээ(инээв).

-Онц их хурал хуралдуулах ямар шаардлага байна вэ?

-О.Цогтгэрэлийг намын даргаар сонгогдоход нам шинэчлэгдэх нь гэсэн хүлээлт үүссэн.  Гэтэл намын дотоод сонгууль буюу Үндэсний Бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль энэ намын түүхэнд байгаагүй асар их булхай луйвартай сонгууль болж өнгөрлөө. О.Цогтгэрэлд саналаа өгч дэмжиж гаргаж ирсэн залуучууд энэ луйврын сонгуульд хохирсон. Тэд  юу болсныг нүдээрээ харсан.

Тэгээд энгийн шаардлага тавьсан. “Та энэ булхай луйврыг хийсэн хүмүүст хариуцлага тооцож өгөөч, зарим газарт сонгуулийг дахин явуулж өгөөч” л гэсэн. Гэтэл О.Цогтгэрэл болон түүний тойрон хүрээлэгч нар эс үйлдэхүйгээрээ энэ луйврын сонгуулиа хаацайлж, ямар ч арга хэмжээ аваагүй. Хоёрдугаарт, ирэх сонгуулиудад манай нам ялах ёстой. Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал ямар байгааг би энд ярих илүүц биз. МАН бүх шатанд засаглах чадваргүй гэдгээ харууллаа. Хөгжил дэвшил биш хулгай, дээрэм л ярьдаг засаг боллоо. Ардын намын дарга нь өөрөө өөрсдийнхөө хийсэн хулгай дээрмийг хүлээн зөвшөөрч, ил тод зарлаж байна. Монголын ард түмэн болон шинэ үеийн залуучууд энэ байдлыг хорсон зэвүүцэж байна. Тэд эрс өөрчлөлт, шинэчлэлтийг хүлээж байгаа. Гэтэл О.Цогтгэрлээр удирдуулсан Ардчилсан Нам энэ өөрчлөлт, шинэчлэлтийг хийх нь эргэлзээтэй юм байна гэдэг шүүмжлэл, эс итгэх байдал газар авлаа. АН, МАН-ын халаасны нам болчихож, тэдний тоглоомын дүрмээр явж байна гэдгийг ойлгохын тулд нам дотор байх шаардлагагүй. Нийгэм гаднаас нь хараад тэгэж дүгнэж байна шүү дээ.

-Тэгэхээр дотоод сонгуулиа МАН-тай хавсарч луйвардаж хийсэн хүн ирэх хоёр сонгуулийг ч тохирч, сонгогчдыг хуурна гэх гээд байна уу?  

-Тохирчихсон. Тэгэхээр Онц их хурлыг хийх болсон нөхцөл шалтгаан тодорхой. Намд шударга байдал тогтох ёстой, О.Цогтгэрэлийг солих хэрэгтэй.

-Намынхаа Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэр дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэр тодорхой үндэслэлтэй. Дотоод сонгуулийг зохион байгуулахад будлиан гарсан гэж үзэж Сүхбаатар дүүрэг, Дорноговь аймгийн сонгуулийг дахин зохион байгуул гэдэг үүргийг өмнө нь ХЕХ-оос өгсөн. Үүний араас мөн л булхай луйвар ихтэй, баримт нотолгоо хангалттай Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүрэг, хэд хэдэн аймгийн асуудлыг ХЕХ шийдвэрлэхээр хүлээгдэж байсан. Гэтэл энэ гаргасан шийдвэрийг тоохгүй, биелүүлэхгүй долоон сар болчихсон. Ингэснээрээ дүрмийн том зөрчил үүсгэсэн. Энэ бол Ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагагүй байдал мөн. Нөгөө талаар дотоод сонгуулийг зохион байгуулсан хүмүүст адилхан хариуцлага тооцох ёстой. Тодруулбал, Намын дарга О.Цогтгэрэл, тухайн үед намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д.Амарбаясгалан нар  энэ луйвар тохироог хийсэн. МАН-тай тохирч, тэр намын гишүүдээр ирц бүрдүүлж, Ардчилсан намд байгаагүй, огт намын ажилд оролцож зүтгэж үзээгүй хүмүүсийг ҮБХ-нд сонгуулахаар санал өгүүлсэн. Баримт хангалттай байгаа. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн Иргэдийн Хурлын дарга болон МАН-ын гишүүд, Үүрийн дарга нар нь an.mn-д бүртгэлтэй байгаа. Тэд манай дотоод сонгуульд саналаа өгсөн.

Бид нар өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш  О.Цогтгэрэлээс энэ мэт алдаагаа зас, сонгууль луйвардсан газрууддаа дахиж санал хураалт явуул гэж шаардлаа. Тэр хүн бидэнд нэг бус удаа тохирьё гэдэг санал тавьсан. Бид хүлээж аваагүй. Дотно, гаднагүй тохиролцож явсаар байгаад энэ нам ялагдлаас өндийхөө байлаа.

-Тохирьё гэснийг та тодруулж хэлээч?

-Та нарт ҮБХ-ны гишүүний тав, арван суудал өгье, наад тэмцэл шаардлагаа зогсоочих л гэдэг. Та нарын шаардсанаар сонгууль дахиж явуулахаар  шийдчихвэл бусад нь бас дагах гээд байна аа гэж байгаа юм. Булхай луйвраа хүлээн зөвшөөрч байна гэсэн үг биз дээ. Үнэнийг хэлэхэд, хэдэн УИХ-ын гишүүн гадаадад явж байхдаа бие биедээ аймаг, дүүргийн нам бэлэглэсэн л юм билээ шүү дээ. О.Цогтгэрэл өөрийн амаар хэлсэн шүү. “Би Америкт явж байхдаа А.Ганбаатарт Баянзүрхийг өгнө гээд амлачихсан юм” гэж хэлсэн. Тийм увайгүй.

-О.Цогтгэрэл өөрөө намын дарга биш байхдаа Онц Их хурал зарлан хуралдуулж байсан гээд та хэллээ. Тэр үйл явдлыг та дэлгэрүүлж ярихгүй юу. Өнөөдрийн та бүхний зарлаад байгаа Онц Их Хурлаас юугаараа өөр байсан бэ?

-Өөр байлгүй яах вэ. Бид намын шинэчлэлт, ил тод байдал, дүрмийн сонгууль, хариуцлагын асуудлуудыг ярина. О.Цогтгэрэл 2021 оны арваннэгдүгээр сарын 5-нд С.Эрдэнэ даргаас тамга тэмдэг булааж авах л зорилготой хурал зарлаж, хийж байсан. Ер нь энэ хүний албан тушаал авдаг, эрх мэдлээ бэхжүүлдэг арга барил нь хуйвалдааны шинжтэй. Хамгийн муухай нь энэ хуйвалдаанаа эрх баригч МАН-тай хавсарч хийдэгт байгаа юм. 2022 онд Бүлгийн дарга Д.Ганбатыг унагааж, өөрөө Бүлгийн дарга болохдоо тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатартай хүч хавсарсан байдаг. Яасан гэхээр, АН-ын бүлгийн 11 гишүүн 5:6-аар  хуваагдал үүссэн, бүлэг хуралдахгүй, ирц хүрэхгүй нөхцөл байдалтай болсныг та бүхэн санаж байгаа байх. О.Цогтгэрэл бүлгийн даргыг олонхийн саналаар сонгодог болох өөрчлөлт бүхий “Их хурын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийг өргөн бариад, тэр хуулийг хоёр цагийн дараа яаралтай горимоор оруулж батлуулаад, гуравхан өдрийн дараа Бүлгийн дарга болсон байдаг. Олонхтой тохирохгүй л бол энэ хууль ийм хурдан хэлэлцэгдэж батлагдах боломжгүй байсан. Ийм л зальтай, наймаачин хүн. Өнөөдөр эрх баригч намаас 54 тендер авсан хүн яаж сөрөг хүчний удирдагч хийх нүүртэй байх юм бэ.

-АН-ын Үндэсний Бодлогын Хороо нэлээн шинэчлэгдсэн гэдэг. Тэгэхээр та нар тийм биш гэж үзэж байгаа юм уу?

-Шинэчлэлт гэхэд ичмээр зүйл. Компанийнхаа, тойрон хүрээллийнхээ хүмүүсийг оруулж ирсэн. Нийслэл, дүүрэг дээр л гэхэд намын 3000 орчим жинхэнэ гишүүнийг шахаж гаргаад, өөрсдийнхөө хүмүүсийг оруулсан байгаа. Одоо О.Цогтгэрэл өөрийнхөө хүмүүсийг дахиж оруулахын тулд ҮБХ-г өөрийнхөө дохио зангаагаар шийдвэр гаргадаг болохын тулд тоог нэмж 570 болгоно гэж ярьж яваа. Одоо 378 гишүүн байгаа.

–Сүүлийн үед танай намын удирдлагыг улс төрийн тодорхой шийдвэрүүд дээр эргэж буцсан юм ярьдаг, хэдхэн хоногийн зөрүүтэй шийдвэр нь өөрчлөгддөг гэж хүмүүс шүүмжилж байгаа дээр та юу хэлэх вэ?

-Би зүгээр л нэг жишээ хэлье. Засаг огцруулна гээд л бүлэг дээр сүрхий гарын үсэг цуглуулдаг, тийм биз. Тэгээд тэр гарын үсэгнүүд нь хааччихдаг юм. Тэрийгээ өгдөг юм уу, үгүй юу. Өгөхгүй юм бол яах гэж цуглуулсан юм. Өгдөг юм бол огцорсон нь хаана байгаа юм. Гарын үсгээр тохироонд орчихоод байна уу. Одоо дахиад Н.Учралыг огцруулна гэж гарын үсэг цуглуулах уу. Тэгээд ямар тохироо хийх юм, дахиад тендер авах уу гээд хариултаа хүлээсэн маш олон асуулт байна.

-Ард түмэн МАН-д итгэх итгэл байхгүй болсон, АН ч энэ байдлаараа байвал хүмүүс итгэх эсэх нь эргэлзээтэй гэдэг дүгнэлтийг та хэлээд байх шиг байна. Удирдлага солиод өөрлөлт гарах болов уу?

-Дэлхий даяар болж байгаа үйл явдлуудыг харж анзаарах юм бол хүн төрөлхтөн өмнөх 100 жилийн сонголтоос дараагийн сонголт руу шилжиж байна. Тэрний илрэл нь Европ даяар тархаж байгаа эсэргүүцлийн жагсаалууд, Америкт болсон саяны сонгууль гэхчилэн үзэгдлүүд юм.  Тодруулбал, шинэ үеийн залуучууд хуучин үеэ сольж байгаа үзэгдлүүд энд тэнд давтагдах боллоо. Тэгвэл манайд юу болох вэ. Нэг юмыг бид бүгд мэддэг. Монголын ардчиллын үнэт зүйлс Ардчилсан намын үед л баталгааждаг, үзүүлэлтүүд нь дээшилдэг. Ардын нам хэзээ ч  хүний эрх, шүүх хуулийн засаглалыг сайжруулж, дундаж давхаргыг дэмжиж, авилгатай тэмцдэггүй. Тэд зүгээр дүр үзүүлдэг. Ардын намын засаглалын үед амьдрал доройтдог, хүмүүс туйлддаг. Тэгэхээр Ардчилсан намд нэг тийм хүлээлт үүсчихээд байдаг, ард түмэн битүүхэндээ горьддог. Одоо энэ хүлээлтийг хангахад ядаж бид эхний ээлжинд нам дотроо шилэн, шударга байж харуулмаар байна. Үе сольж үзүүлмээр байна. Гадны орнуудын итгэл найдвар, хөрөнгө оруулалтыг татаж, хөгжил дэвшил ярьмаар байна. Манай төрийн тэргүүн гадаад улсад айлчиллаа гээд сүртэй нэвтрүүлгүүд үзүүлэх юм. Ямар ч үр дүн алга. Аргагүй шүү дээ, яаж манайх шиг авилга, төрийн ялзралыг өдөр тутам ярьж байгаа улстай ажил хэрэгч яриа өрнүүлэх юм бэ. Казахстан тэгэхэд зөвхөн дата центр байгуулна гээд 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг нэг айлчлалаар зурж чадаж байна. Манай дарга нар болохоор сумын соёлын төв л ярьж байгаа шүү дээ. Гадныхантай хамтарч ажиллаж, залуучууддаа шинэ боломжийг олгомоор байна. Бид маш их цаг алдаж, дэлхийгээс хоцорч байгаа. Энэ тухай ярьдаг эрүүл саруул залуучууд Онц Их Хуралд ирэх учраас магадгүй бидний хүсээд байгаа шинэчлэлтийн эхлэл нь энэ хурал байна гэдэгт эргэлзэхгүй байна.


Эх сурвалж: Өдрийн сонин