Хувийн цэцэрлэгүүдийн нэгдсэн холбооноос сүүлийн үед үүсэж буй нөхцөл байдалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ

newslifemn 1 цагийн өмнө

Тус холбооноос УИХ-ын нэр бүхий гишүүд хувийн хэвшлийн цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагаа, нэр хүндэд халдсан, бодит байдлыг мушгин гуйвуулсан мэдэгдэл хийж байгаад харамсаж буйгаа илэрхийлсэн байна.

Монгол Улсад анхны хувийн цэцэрлэг 1997 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутагт нийт 353 хувийн цэцэрлэг ажиллаж, 2-5 насны 32,246 хүүхдийг хамруулж байгаа нь цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 11-12 хувийг эзэлж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн Засгийн газар хувийн цэцэрлэгүүдийн холбоотой хамтран 2022 оноос хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хувийн цэцэрлэгүүд уг үйл ажиллагаанд оролцсоноор нийслэлд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байсан 15 мянга гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан гэж онцолсон байна.

Хэрэв эдгээр хүүхдийг хамруулахын тулд төрөөс шинээр цэцэрлэг барихаар тооцвол зөвхөн нийслэлд 200 хүүхдийн багтаамжтай 75 цэцэрлэг шинээр байгуулах шаардлагатай бөгөөд үүнд 600 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана гэж холбоо тооцоолжээ. Түүнчлэн 75 цэцэрлэгт ойролцоогоор 2,250 багш, ажилтан шаардлагатай бөгөөд тэдний цалин, нийгмийн баталгаа болон үйл ажиллагааны зардалд жил бүр 165 тэрбум төгрөгийн нэмэлт урсгал зардал улсын төсөвт үүсэх тооцоо гаргасан байна.

Тиймээс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурласан, хүүхдийг гэрт нь ойр цэцэрлэгт хамруулах шийдэл нь нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой гэж Хувийн цэцэрлэгүүдийн нэгдсэн холбоо үзэж байна.

Тус холбооноос цаашид хүүхэд бүрийн сурах эрхийг хангахын зэрэгцээ хувийн цэцэрлэг, сургуулиуд болон боловсролын салбарт хөрөнгө оруулж буй иргэн, аж ахуйн нэгжийн нэр төрд халдахгүй байхыг уриалжээ.