Монголын талын экспортлох сонирхолтой бүх барааг  ЕАЭЗХ-ны зах зээлд гаалийн татваргүй оруулж ирэх боломжийг нээж өглөө

newslifemn 43 минутын өмнө

Орос, Монголын бүс нутгуудын хоёрдугаар чуулга уулзалт 9-р сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. 2025 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү чуулга уулзалт нь хоёр улсын бүс нутгууд болон ажил хэргийн хүрээнийхэн хооронд эдийн засгийн харилцаа холбоог хөгжүүлэхийг дэмжих зорилготой юм. Тус чуулга уулзалтад хоёр улсын төрийн байгууллагын төлөөлөгчид, хувийн хэвшил болон эрдэм шинжилгээ, шинжээчдийн хүрээнийхэн гээд манай хоёр орны 14 бүс нутгийн 220 гаруй хүн оролцлоо.
Орос, Монголын бүс нутгуудын хоёрдугаар чуулга уулзалтын хөтөлбөр нь Евразийн тээврийн уялдаа холбоог бэхжүүлэх, тус тивийн тээврийн коридоруудыг хөгжүүлэхэд хоёр улсын бүс нутгуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Евразийн аялал жуулчлалын орон зайг хөгжүүлэхэд хамтран ажиллах зэрэг асуудалд зориулсан юм. Чуулга уулзалтын үеэр Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын ээлжит хуралдаан болж, хоёр улсын бизнесийн зөвлөлийн хуралдаан болон хувийн хэвшил хооронд холбоо тогтоох В2В уулзалт зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтын дүнгээр Орос, Монголын бүс нутгуудын хамтын ажиллагааны тухай баримт бичгүүд, мөн арилжааны гэрээнүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Хоёр улсын албан ёсны төлөөлөгчдийг Оросын Холбооны Улсын Засгийн газрын орлогч дарга Алексей Оверчук, Монгол Улсын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жадамбын Энхбаяр нар тэргүүлж, чуулга уулзалтын нэгдсэн хуралдааныг нээв.
Алексей Оверчук хэлсэн үгэндээ Монгол Улс нь Оросын хувьд чухал худалдааны түнш байхын зэрэгцээ бие даасан зах зээл, дамжин өнгөрөх улс, мөн түүхийн үүднээс ойр дотно хөрш гэдгээрээ чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Хоёр улсын харилцан худалдааны хэмжээ аажмаар нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 оны дүнгээр хоёр талын худалдааны эргэлт 4 хувиар өсч, 2.69 тэрбум ам.долларт хүрсэн бол 2026 оны эхний хагаст 18 хувиар өсч, 1.58 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ оны 7-р сарын 22-нд хүчин төгөлдөр болсон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээр нь худалдааны харилцаа холбоог цаашид нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах төлөвтэй байгаа ба энэхүү Хэлэлцээр нь Монголын талын экспортлох сонирхолтой бүх бараа, юуны түрүүнд ноос, ноолуур, арьс шир, мах зэргийг 190 сая хэрэглэгчтэй ЕАЭЗХ-ны зах зээлд гаалийн татваргүй оруулж ирэх боломжийг нээж өгсөн юм.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга хэлсэн үгэндээ техникийн зохицуулалт, ариун цэврийн болон мал эмнэлгийн хяналт, гаалийн журам зэрэг харилцан худалдааны тарифын бус зохицуулалтад онцгой анхаарал хандуулсан. Тэрбээр Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдааныг тус чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсныг сайшаан тэмдэглээд, уг хуралдааны үеэр чөлөөт худалдааны дэглэмийн хэрэгжилттэй холбоотой бүх асуудлыг хэлэлцсэнийг онцлов.
Орос, Монголын хоёр талын хамтын ажиллагаа бүх салбарт эрчимтэй хөгжиж байгааг Алексей Оверчук тэмдэглэв. Орос улс Монгол улс руу түлш шатахуун, шатах тослох материал нийлүүлдэг. «Улаанбаатар төмөр зам» хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ачаа тээвэрлэлтийн хэмжээгээр шинэ дээд амжилт тогтоож, хоёр талын төмөр замын харилцаа болон Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд хийгдэж буй ачаа тээврийн урсгалын өсөлтийг хангаж байна.
Худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа түлхүү хөгжиж буй салбар нь аялал жуулчлал болж байгаа ба хоёр улс хоорондын жуулчдын урсгал бараг 500,000 аялалд хүрсний 95 хувь нь автомашинаар хийгдэж байна. Оросын тал монгол түншүүд болон агаарын тээврийн компаниудтай хамтран хоёр улсын хотуудын хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Москва болон Улаанбаатар хотын хооронд шууд нислэгийг сэргээх боломжийг судалж байна. Аялал жуулчлалын урсгалыг дэмжих зорилгоор «Их цайны зам» төслийн хүрээнд хамтарсан маршрут хөгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Оросын 19 бүс нутаг тус төслийг өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар ярихдаа Алексей Оверчук Оросын Засгийн газар 2026/2027 оны хичээлийн жилд Оросын их дээд сургуулиудад монгол оюутнуудыг үнэ төлбөргүй суралцуулахад зориулж 620 тэтгэлэг хуваарилсан тухай мэдээлэв. Монголын удирдлагууд тус улсын дунд сургуулиудад орос хэлний сургалтын чанар, үр дүнг нь дээшлүүлэх, түүний дотор Улаанбаатар хотын Орос, Монголын сургуулиудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хариу алхам хийнэ гэдэгт Оросын тал найдаж байна. Бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа чанарын шинэ шатанд гарсан бөгөөд Оросын Холбооны Улсын 60 гаруй бүс нутаг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаа тогтоогоод байна. Хоёр улсын хоорондох 3485 км урт хил нь дэлхийн хамгийн урт тасралтгүй үргэлжилсэн хуурай замын хилүүдийн нэг болох нь энэхүү хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж байна. 2025 онд Эрхүү хотод болж өнгөрсөн Бүс нутгуудын анхдугаар чуулга уулзалт нь системтэй ажлыг эхлүүлсэн ба үр дүнд нь Бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх 2026-2030 оны дунд хугацааны үйл ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурж, бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүдийг байгуулж, хэд хэдэн арилжааны баримт бичгийг үзэглэв.
Засгийн газрын орлогч дарга бүс нутаг хоорондын амжилттай хамтын ажиллагааны жишээнүүдийн дунд хил орчмын бүс нутгуудаас гадна Брянск мужийг дурдсан. Брянскийн машин үйлдвэрлэлийн завод нь Улаанбаатар төмөр замд зориулан сэлгээний илчит тэрэг нийлүүлсэн бөгөөд өнөөдөр уг төмөр замын зүтгүүрийн паркт Брянск хотод үйлдвэрлэсэн 20 гаруй илчит тэрэг багтаж байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Оросын гол замын илчит тэрэг Улаанбаатар төмөр замаар түүхэнд байгаагүй хамгийн урт бүрэлдэхүүнтэй буюу 108 вагон бүхий ачааны галт тэргийг амжилттай аялуулж, дээд амжилт тогтоож байжээ. Мөн Монголын инженерийн боловсон хүчин бэлтгэж буй II Екатерина хатан хааны нэрэмжит Санкт-Петербургийн уул уурхайн их сургуулийн үйл ажиллагааг өндрөөр үнэлэв.
2026 оны эхний есөн сарын хугацаанд хоёр улсын бүс нутгууд 30 орчим хамтарсан арга хэмжээ зохион байгуулсан. “Эдгээр арга хэмжээ нь бодит үр дүнд хүргэж, Орос болон Монголын үйлдвэрлэгчид нэг нэгнийхээ зах зээлд харилцан гарах илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхэд дөхөм болох нь чухал” гэж Засгийн газрын орлогч дарга тэмдэглэв.
“Өнөөдрийн ажлын үр дүнд Орос, Монголын харилцааг иж бүрэн хөгжүүлэх шинэ бодит алхмууд хийгдэх болно гэж найдаж байна. Оросын тал нь эрх тэгш, харилцан ашигтай байх, түнш бүрийн ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан Монгол Улстай харилцан сонирхолтой бүхий л чиглэлээр хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхийг зорьж байна” гэж Алексей Оверчук хэмээв.