Төв аймгийн 345 ээж алдарт эхийн одон гардлаа

newslifemn 2026-05-30

Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улсын хэмжээнд нийт 12306 ээж “Алдарт эх”-ийн I, II зэргийн одон хүртэж байна. Харин Төв аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 29-ний өдөр 345 ээж энэхүү одонгоо гардан авч энгэрээ мялаалаа.

Үүнээс “Алдарт эх”-ийн I зэргийн одонгоор 50, II зэргийн одонгоор 295 ээж шагнуулжээ. Энэ жил хамгийн өндөр настай одонтой ээж 84 настай байсан бол хамгийн залуу нь 23 настай байв. Мөн нийт одон хүртсэн ээжүүдийн 16 нь ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд 202 нь 37 хүртэлх насны залуу ээжүүд байна.

Эх хүний нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, Монгол Улсын ирээдүйд оруулж буй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг алдаршуулан үнэлдэг энэхүү эрхэм дээд шагнал болох “Алдарт эх”-ийн одонг 1957 онд анх олгосноос хойш өдгөө 69 дэх жилдээ гардуулж байна.