Нарны эрчим хүчээр ажиллах “Ирээдүйн хүрээлэн буй орчны туршилтын танхим–zero zone” гэр хорооллын хүүхдүүдэд зориулсан уур амьсгалын сургалтын орчин нээгдлээ

newslifemn 5 цагийн өмнө

Гэр хорооллын хүүхэд багачууд өвлийн хүйтэн, агаарын бохирдол, эрчим хүчний хомсдолтой цаг үед сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй биечлэн танилцах, ургамал тарьж ургуулах боломжтой шинэ сургалтын орон зайг ашиглах боломжтой боллоо. Энэ бол Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Дамбадаржаад байрлах “Монголын Ойн аж ахуйн сургалтын төв”-ийн дэргэд байгуулагдсан “Ирээдүйн хүрээлэн буй орчны туршилтын танхим-Zero zone” юм. 2025 оны 11-р сарын 19-нд нээгдсэн энэхүү танхим нь 100% нарны эрчим хүчээр ажилладаг сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны сургалтад зориулагдсан тусгай туршилтын орчин бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээлллийг  нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын КОЙКА–ын шугамаар ирсэн байгаль орчны сайн дурын ажилтны багийн санаачлан хэрэгжүүлж буй төсөл юм.

Гэр хорооллын бүсэд өвлийн улиралд дулаанаа нүүрсээр шийддэг тул агаарын бохирдол их, мөн эрчим хүчний хангамж тааруу байдаг. Ийм нөхцөлд хүүхдүүд сэргээгдэх эрчим хүч ашиглан гидропоник буюу хөрсгүй орчинд ургамал ургуулах технологитой танилцаж, өөрсдөө ургамал тарьж үзэх нь сургуулийн орчинд тэр бүр олдохгүй ховор боломж юм.

“Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын Ойн аж ахуйн сургалтын төвд байгуулсан “Ирээдүйн хүрээлэн буй орчны туршилтын танхим” нь гурван үе бүхий гидропоник төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийт 350 ширхэг ургамал ургуулах хүчин чадалтай. Ургамлын өсөлтөд шаардлагатай LED гэрэл, проектор зэрэг цахилгаан төхөөрөмжийг нарны эрчим хүчээр бүрэн хангасан. Ингэснээр нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд бодит амьдрал, боловсролын орчинд хэрхэн ашиглагддагийг сурагчид өөрийн биеэр мэдрэх боломжтой юм.

Энэхүү төслийн арга хэмжээнд нийслэлийн 58-р сургуулийн сурагчид, “Хүрээ” дээд сургуулийн оюутнууд зэрэг нийт 120 орчим хүүхэд, залуус оролцож, гидропоник  тариалалт, усалгааны систем болон нарны цахилгаан эрчим хүчний ажиллах зарчмын талаарх дадлага, туршилтын хичээлд хамрагдлаа.

КОЙКА-ын уур амьсгал, байгаль орчны сайн дурын багийн ажилтан Квон СоХён, Ким Жин Жу нар “Гэр хорооллын хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг өөрийн амьдралтай ойр, бодит байдлаар дамжуулан ойлгох, өөрсдөө ургамал тарих, тоног төхөөрөмжийг ажиллуулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өөрийн биеэр харж, мэдрэх боломж бүрдүүлэхийг хүссэн” хэмээн онцоллоо.

Мөн тэд “Энэ танхим нь хүүхдүүдийн хүрээлэн буй орчныг илүү таньж мэдрэх,  бодитоор хэрэгжүүлэх сэдлийг төрүүлэх эхлэл болно гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Түүнчлэн Монголын ойн аж ахуйн сургалтын төвийн үйл ажиллагааг хариуцдаг “Ногоон Ази сүлжээ” ТББ нь энэхүү туршилтын танхимд суурилуулсан гидропоник тариалалтын системийг ашиглан, цөлжилт бүхий орон нутгийн байгаль орчныг нөхөн сэргээхэд энэ технологи хэрхэн хувь нэмэр оруулах боломжийн талаар судалгаа хийхээр төлөвлөж байна.

“Ирээдүйн хүрээлэн буй орчны туршилтын танхим – Zero zone” нь зөвхөн сургалтын танхим төдийгүй, иргэдийн сэргээгдэх эрчим хүчний талаарх ойлголтыг дээшлүүлэхэд чухал боломж хэмээн харж байна.