С.Гэндэнжамц: PISA үнэлгээ сурагчийг математик, байгалийн ухаан, унших чадвар гэсэн гурван чиглэлээр үнэлгээг зохион байгуулдаг

newslifemn Өчигдөр

Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд  манай улс хоёр дахь удаагаа орж байгаа. Уг үнэлгээ сурагчдыг хэрхэн үнэлдэг, ямар агуулгын хүрээнд авдаг талаар Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын хэлтсийн дарга С.Гэндэнжамцаас тодрууллаа.

Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын хэлтсийн дарга С.Гэндэнжамц: PISA үнэлгээ нь агуулгын хувьд математик, байгалийн ухаан, унших чадвар гэсэн гурван чиглэлээр үнэлгээг зохион байгуулдаг. Үнэлгээ бүрд аль нэгийг нь гол чиглэл болгон авч үздэг. Сурагчид анги танхимд сурсан зүйлээ ахуй амьдралын асуудлаа шийдвэрлэхдээ хэрхэн хэрэглэж байна, сургуулийн дотоод болон гадаад нөхцөлд хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдгийг үнэлэхийг зорьдог.

Математикаар аливаа асуудлыг шийдвэрлэхдээ томьёолж, хэрэглэж, үнэлэлт дүгнэлт өгч шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж чадаж байна уу гэдгийг үнэлдэг.

Байгалийн ухааны хувьд аливаа үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, эрэл хайгуул хийж, үнэлэлт, дүгнэлт хийн баримт нотолгоотой тайлбар хийж чадаж байна уу гэдгийг үнэлнэ.

Унших чадварын хувьд текст болон бичвэр мэдээлэлтэй хэрхэн харьцаж байгаа, эх сурвалжийг баталгаажуулж чадаж байгаа эсэх, эргэцүүлэн бодох, нягтлах зэрэг чадваруудыг үнэлэхийг зорьдог.

Математикийн агуулгын хүрээг нарийвчлан авч үзвэл агуулгын мэдлэг, асуудал шийдвэрлэх хүрээ, асуудлын нөхцөл байдал гэж задална. Байгалийн ухааны хувьд танин мэдэхгүй, мэдлэг, нөхцөл байдал гэсэн хүрээг хамардаг. Унших чадварын хувьд авч үзвэл үйл явц, бичвэрийн формат, асуудлын нөхцөл байдал гэсэн хүрээг авч үздэг.