УИХ-ын дарга С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ

newslifemn 1 цагийн өмнө

УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар өчигдөр /2026.09.22/ Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз Улсад амиа алдсан гэмт хэрэгт Малайз Улсын Холбооны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон нэг этгээд нь Австрали улсад орогнож буй асуудлыг шийдвэрлэж гэмт этгээдийг Малайзын талд шилжүүлэн хуулийн хариуцлага хүлээлгэхэд Австралийн талаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Австралийн парламентын дарга Милтон Дик УИХ-ын үйл ажиллагааг иргэддээ нээлттэй, ил тод болгох шинэчлэлийг эхлүүлсэнд талархал илэрхийлсэн. Мөн хоёр орны, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ Австралийн Засгийн газрын тэтгэлгийг үргэлжлүүлэх асуудлыг уламжилж, олон залууст суралцах боломжийг олгохын төлөө байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын иргэний Малайзад амь насаа алдсан асуудлыг хууль хяналтын байгууллагууд шударгаар шийдэхэд анхаарч, хууль сахиулах байгууллагуудаас авч буй арга хэмжээний талаарх мэдээллийг тухай бүр хүргүүлж ажиллана хэмээлээ. Тэрбээр уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогтод Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.