Өнөөдөр /2026.09.23/ Улаанбаатар зочид буудлын Их танхимд “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүдийн нээлтийн ёслол боллоо.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга , Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Д.Бэхбат, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Б.Алтантуяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Батхуяг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц болон хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллага, бизнесийн холбоод, эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр “Ногоон Торгоны зам – Цөлийн шинэ сэргэлт” экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын тухай баримтат киноны нээлт, ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтын талаарх танилцуулга, ӨМӨЗО-ны соёл, аялал жуулчлалыг сурталчлах видео танилцуулга зэрэг арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Мөн “Дуран хараан дахь Дундад орон” кино, телевизийн шилдэг бүтээлүүдийг харилцан солилцох арга хэмжээ, богино хэмжээний кино, видео нэвтрүүлгийн нээлт боллоо.

Үүний зэрэгцээ оролцогчдод зориулан Хятадын уран бичлэгээр нэр, ерөөлийн үг бичиж өгөх, цаасан хайчилбар хийх зэрэг уламжлалт урлаг, соёлыг сурталчлах үйл ажиллагаа зохион байгуулж, Хятадын соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв.
Түүнчлэн “Хятад улсад боловсрол эзэмшиж, Өвөр Монголд суралцахуй” сэдэвт оюутан, залуусыг Хятад Улсад суралцах боломжийг танилцуулах элсэлтийн мэдээллийн арга хэмжээ болж, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр албаны хүмүүс “Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд нь Монгол, Хятадын хүмүүнлэг, соёлын харилцааг өргөжүүлэх, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг онцоллоо. Мөн цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд соёл, хүмүүнлэгийн харилцаа чухал ач холбогдолтойг тэмдэглэв.
“Хятад орныг танин мэдэх” Өвөр Монголын XIV дэх удаагийн Соёлын өдрүүд есдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд үргэлжилж, урлагийн концерт, кино үзвэр, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг оношлогоо, Ном уншлагын танхмын нээлт, номын үзэсгэлэн гарах бөгөөд энэ хугацаанд зохион байгуулагдах бүхий л арга хэмжээ иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй болох тул иргэд та бүхнийг үзэж сонирхоорой гэдгийг уриалах байна.

0 cэтгэгдэлтэй